5 дугаар зүйл. Малчны эрх, үүрэг

МАЛЧНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Малчны эрх, үүрэг

5.1.Малчин дараах эрхийг эдэлнэ:

5.1.1.уур амьсгалын өөрчлөлт, зах зээлийн нөхцөлд мал маллах арга ухааныг эзэмшиж, мэдлэг, туршлага, ур чадвар, арга барилаа ахиулж, малчинд зориулсан сургалт, мэдээлэл, зөвлөгөө авах;

5.1.2.байгалийн нөөц, бэлчээрийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гэрээгээр ашиглах эрхээ баталгаажуулах;

5.1.3.төрөөс болон олон улсын байгууллагын санхүүжилтээр олгосон хөрөнгө оруулалт, хөгжлийн зээл, дэмжлэг, санхүүгийн үйлчилгээ авах;

5.1.4.малын эрүүл мэндийг хамгаалах болон үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг эрх бүхий нэгжээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, зөвлөгөө авах;

5.1.5.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт, нэр төрөл, чанараас хамаарсан урамшууллыг хууль тогтоомжийн дагуу авах;

5.1.6.хуульд заасан бусад эрх.

5.2.Малчин дараах үүргийг хүлээнэ:

5.2.1.байгалийн нөөц, бэлчээр, усан хангамжийг зөв зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх;

5.2.2.мал маллагааны уламжлалт болон шинжлэх ухаанч арга барилыг эзэмших;

5.2.3.малын эрүүл мэндийг хамгаалах, малын генетик нөөцийг зохистой ашиглах;

5.2.4.мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлыг хангах;

5.2.5.хуульд заасан бусад.

5.3.Энэ хуулийн 5.2.1-д заасан үүргийг биелүүлэх хүрээнд дараах зохистой дадлыг хэрэгжүүлнэ:

5.3.1.малчин өрх, хот айл бэлчээрээ дундаа хамтран ашиглаж ирсэн уламжлалд тулгуурлан харилцан зөвшилцөж, зохион байгуулалтад орсон байх;

5.3.2.бэлчээрийг даацад нь нийцүүлэн улирлын хуваарьтай ашиглаж, сэлгэх, өнжөөх, сайжруулах, нөхөн сэргээх зэргээр бэлчээрийн төлөв байдал, голлох зүйл ургамлын эзлэх хувийг гэрээ байгуулах үеийн тогтоосон суурь түвшнээс бууруулахгүй байх;

5.3.3.Газрын тухай хуулийн 52.7-д заасан газарт тэжээлийн ургамал тариалах, орон нутгийн нөөц боломжид тулгуурлан хадлан, гар тэжээл бэлтгэх.

5.4.Энэ хуулийн 5.2.2-т заасан үүргийг биелүүлэх хүрээнд дараах зохистой дадлыг хэрэгжүүлнэ:

5.4.1.мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг өөрийн малын тоо толгойд нийцүүлэн бүрэн хангаж, 90-ээс доошгүй хоногт хүрэлцэхүйц өвс, тэжээл бэлтгэж нөөцлөх;

5.4.2.малын хэвтэр бууц, хашаа, хороог байнга цэвэрлэж, өвөлжөөний хөрзөнг жил бүр авдаг, өтөг хөрзөнг овоолж хэвтрийн нөөц бүрдүүлдэг байх;

5.4.3.өвөлжөө, хаваржааны дулаан хашаа, хороо, байр барьж ашиглах;

5.4.4.дөрвөн улиралд нүүдэллэн бэлчээр ашиглахдаа байгаль орчныг бохирдуулахгүй, хог хаягдлыг ил задгай хаяж, үлдээхгүй байх;

5.4.5.худаг, хөв цөөрөм бий болгох, сэргээн засварлах;

5.4.6.мал маллах, хариулах, тууварлах, тээвэрлэхдээ уламжлалт арга барилыг түлхүү ашиглах.

5.5.Энэ хуулийн 5.2.3-т заасан үүргийг биелүүлэх хүрээнд дараах зохистой дадлыг хэрэгжүүлнэ:

5.5.1.тухайн бүс нутагт үржүүлэхийг зөвшөөрсөн, баталгаажсан үүлдэр, омгийн хээлтүүлэгч ашиглах, малыг ялган тэмдэглэх, бүртгэлд хамруулах;

5.5.2.малын төрлийн харьцаа, сүргийн зохистой бүтцийг хангаж, эдийн засгийн эргэлтэд оруулах;

5.5.3.тухайн үүлдэр, омгийн нэгж малаас авах ашиг шимийн дундаж гарцаас багагүй хэмжээний ашиг шим авах;

5.5.4.мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд 3 жил тутамд чанарын үнэлгээ хийлгэх;

5.5.5.мал эмнэлгийн болон үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг мэргэжлийн нэгжээр гэрээний үндсэн дээр технологит хугацаанд гүйцэтгүүлэх;

5.5.6.мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдал, гарал үүслийг тогтоох нөхцөлийг бүрдүүлж, малын шилжилт хөдөлгөөний талаар эрх бүхий байгууллагад мэдээлдэг байх;

5.5.7.эмийн үлдэц агуулаагүй, баталгаатай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх.

5.6.Энэ хуулийн 5.2.4-т заасан үүргийг биелүүлэх хүрээнд дараах зохистой дадлыг хэрэгжүүлнэ:

5.6.1.малын ноос, ноолуур, хөөврийг технологийн хугацаанд стандарт, шаардлагын дагуу чанарын ялгамжтай байдлаар ангилан тордож, бэлтгэн нийлүүлэх;

5.6.2.малын мах бэлтгэлийг хийхдээ малын арьс ширийг механик гэмтэлгүйгээр цэвэрлэгээ, анхан шатны тордолтыг хийж, стандарт, шаардлагын дагуу бэлтгэх;

5.6.3.сүү, сүүн бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэхдээ эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангасан байх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.