6 дугаар зүйл. Малчны мэдлэгийг дээшлүүлэх тогтолцоо, зарчим
6.1.Малчны мэдлэгийг дээшлүүлэх сургалт нь мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх мэдлэг олгох, тасралтгүй хөгжүүлэх, чадавхжуулах, мэргэшүүлэх үйл явцаас бүрдэнэ.
6.2.Энэ хуулийн 6.1-д заасан сургалтын хөтөлбөрийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, сургалтыг их сургууль, коллеж, мэргэжил, сургалт үйлдвэрийн төв, иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор үндэсний хэмжээнд зохион байгуулна.
6.3.Энэ хуулийн 6.2-т заасан хөтөлбөр нь сургалтын нэгдсэн стандарт, бүс нутгийн онцлогт нийцсэн байна.
6.4.Энэ хуулийн 6.2-т заасан байгууллага сургалтын нэгдсэн стандарт, хөтөлбөрийг багцлан боловсруулах бөгөөд хөтөлбөрт доор дурдсан чиглэлийн мэдлэг, ур чадварыг олгох асуудлыг тусгана:
6.4.1.мал маллах, байгаль, цаг уур шинжих, мал аж ахуйн болон ахуй амьдралд шаардлагатай тоноглол, хэрэгслүүд бэлтгэх уламжлалт арга барил, өв соёл, туршлага;
6.4.2.мал аж ахуйн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгмийн эрэлт, хэрэгцээ, шаардлага, техник технологийн хөгжил дэвшил;
6.4.3.малын чанарыг сайжруулах, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал маллах, арчлах болон сувилгааны арга аргачлалын талаарх мэдлэг мэдээлэл, цуврал хичээл;
6.4.4.бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэх мэдлэг олгох мэдээлэл, цуврал хичээл;
6.4.5.малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх стандартууд;
6.4.6.зах зээлд нийлүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэх, үнэ цэнийг нэмэгдүүлэх арга зам;
6.4.7.малын өтөг бууц, аргал, хөрзөнг цэвэрлэх, боловсруулах, техник, технологийн мэдлэг;
6.4.8.ногоон үйлдвэрлэл, ухаалаг мал аж ахуй эрхлэх арга, технологи, ач холбогдол;
6.4.9.нийгмийн болон эрүүл мэндийн, эд хөрөнгийн даатгалын ач холбогдол;
6.4.10.малын тоо толгойн албан татварын тайланг цахимаар гаргах, малчны цахим хөтөч, төрийн үйлчилгээний цахим системийг ашиглах аргачлал.
6.5.Сургалт зохион байгуулсан байгууллага сургалтын хөтөлбөрөөр бүрэн суралцсан, үнэлгээний шаардлага хангасан төгсөгчид үнэмлэх, тэмдэг олгож, энэ талаарх мэдээллийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр хүргүүлнэ.