7 дугаар зүйл. Малчны хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөр

МАЛЧНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Малчны хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөр

7.1.Мал аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай орон нутгийн засаг захиргааны нэгж нь малчдад төрийн бодлого, хууль, эрх зүйн мэдлэг олгох, харилцан мэдлэг, туршлага солилцох, залуу үеэ бэлтгэх таатай орчныг бүрдүүлсэн Малчны хөгжлийн сургалт, мэдээллийн төв, эсхүл тэнхим /цаашид "Малчны хөгжлийн төв" гэх/-тэй байна.

7.2.Аймаг, сумын Засаг дарга орон нутгийн онцлогт нийцүүлж, малчны хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг баталж, биелэлтэд хяналт тавина.

7.3.Газрын тухай хуулийн 52.7-д зааснаас өөр чиглэлээр давхцуулан газар ашиглах, эзэмшүүлэх, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хориглоно.

7.4.Залуу малчин гэр бүлд болон хот, сууринаас шилжин очиж, 2-оос доошгүй жил тасралтгүй мал маллаж байгаа малчин өрхөд өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэх, бэлчээр ашиглуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрт үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ.

7.5.Сумын Засаг дарга малчинд насан туршийн боловсрол, мэдлэг олгохтой холбогдуулан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

7.5.1.малчдын гаргасан санал, хүсэлтэд суурилан малчныг сургах, шинээр бэлтгэх, давтан сургах сумын жил бүрийн төлөвлөлтийг боловсруулах, холбогдох сургалтын байгууллагад захиалга өгөх;

7.5.2.малчдаас нөлөө бүхий төлөөллийг сонгож, манлайлагчийн сургалтын хөтөлбөрт хамруулах;

7.5.3.залуу малчид, мал бүхий иргэдийн дунд малчдын залгамж халааг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр ахмад, туршлагатай малчидтай туршлага солилцох уулзалт, сургалт, хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулж, малчдын оролцоог хангах;

7.5.4.хуульд заасан бусад чиг үүрэг.

7.6.Энэ хуулийн 7.2-т заасан төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэх зардлыг тухайн шатны төсвийн захирагч жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлнэ.

7.7.Энэ хуулийн 7.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг малын тоо толгойн албан татвараас төвлөрөх орлогын эх үүсвэрээс бүрдүүлэх асуудлыг холбогдох журамд заасны дагуу хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.

7.8.Малчны хөгжлийн төвийн ажиллах журмыг тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

7.9.Малчны хөгжлийн индексийг сум, аймаг үндэсний түвшинд 3 жил тутамд тодорхойлно.

7.10.Малчны хөгжлийн индексийг аймаг, сум, улсын аварга малчин болон тэргүүний аймаг, сум, дүүрэг шалгаруулах шалгуур үзүүлэлтэд харгалзан үзнэ.

7.11.Малчны хөгжлийн индексийг тооцох аргачлалыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Үндэсний статистикийн хороотой хамтран баталж, хяналт тавина.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.