27 дугаар зүйл. Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын чиг үүрэг

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын чиг үүрэг

27.1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

27.1.1.төрийн тусгай хамгаалалтыг зохиох, хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах;

27.1.2.төрийн тусгай хамгаалалтад авсан хурал, барилга, бусад зүйлийг хамгаалах;

27.1.3.хамгаалалтын иж бүрэн байх зарчимд нийцүүлэн төрийн тусгай үйлчилгээг үзүүлэх;

27.1.4.төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах, төрийн тусгай хамгаалалтын хууль тогтоомжийн биелэлтийг хангах;

27.1.5.төрийн тусгай хамгаалалтад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудыг төрийн тусгай хамгаалалтын чиглэлээр нэгдсэн арга зүй, удирдлага, зохион байгуулалтаар хангах, чиглүүлэх;

27.1.6.төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээлэл цуглуулах, холбогдох мэдээ, мэдээллээр шуурхай хангагдах, энэ хуульд заасан аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх;

27.1.7.энэ хуулийн 24.1-д заасан байгууллага, албан тушаалтан болон иргэнээс шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгаа гаргуулж авах;

27.1.8.чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан тусгай зориулалтын техник хэрэгсэл, мэдээллийн сантай байх, тэдгээртэй холбоотой засвар, үйлчилгээ, инженерийн дэд бүтцээр хангагдах;

27.1.9.хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор явган зорчигч, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шаардлагатай тохиолдолд түр зогсоох, чиглэлийг өөрчлүүлэх;

27.1.10.энэ хуулийн 6.1.1-д заасан болон шаардлагатай тохиолдолд бусад хамгаалуулагчийг орон нутагт агаарын хөлөг, усан онгоц, галт тэргээр зорчих үед аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор уг тээврийн хэрэгслээр тухайн үед зорчих хүмүүс, тэдний ачаа тээшийг шалгахад, түүнчлэн хамгаалуулагчийг гадаадад зорчих үед хамт явах зорчигчид Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хяналт шалгалт хийхэд алба хаагчаа байлцуулах;

27.1.11.урьдчилсан хамгаалалт хэрэгжүүлэх, аюулгүй байдлын үзлэг хийх, хамгаалуулагчийн хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн болон бусад зүйлд лабораторийн шинжилгээ хийх, шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах;

27.1.12.аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан төрийн тусгай хамгаалалтын бүсэд радио холбооны сүлжээг сарниулах, радио төхөөрөмжийн болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг түр зогсоох;

27.1.13.хамгаалуулагч болон төрийн тусгай хамгаалалтад байгаа барилга, бусад зүйл, тэдгээрийн орчинд эмх замбараагүй байдал үүсэх, гамшиг, гэнэтийн осол гарах зэрэг нөхцөл байдал хүндэрсэн үед болон шаардлагатай бусад тохиолдолд тагнуул, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага, зэвсэгт хүчин, хилийн цэргээс дэмжлэг авах, харилцан хамтран ажиллах;

27.1.14.төрийн байгууллагын төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад мэдээллийн санд нэвтрэх, албаны хэрэгцээнд ашиглах;

27.1.15.төрийн тусгай хамгаалалтыг далд хэлбэрээр хэрэгжүүлэхдээ өөр байгууллагын баримт бичиг, албаны дүрэмт хувцас болон бусад зүйлийг ашиглах;

27.1.16.тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх;

27.1.17.гадаад улсын төрийн хамгаалалтын байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох;

27.1.18.аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэнд хүсэлт, шаардлага тавих;

27.1.19.энэ хуулийн 6.1.1-д заасан хамгаалуулагчийг өргөө, зориулалтын орон сууц, үйлчлэх бүрэлдэхүүн, эдийн болон хүнсний бүтээгдэхүүнээр хангах, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, өргөө, зориулалтын орон сууцны ашиглалтын техникийн бэлэн байдлыг хариуцах;

27.1.20.хамгаалуулагчид зориулалтын тээврийн хэрэгсэл, тусгай холбоогоор үйлчлэх;

27.1.21.төрийн тусгай хамгаалалтын бүс, түүний орчинд холбогдох байгууллагатай хамтран инженер-техникийн үзлэг, шалгалт хийж аюулгүй байдлыг хангах;

27.1.22.төрийн тусгай хамгаалалтын бүсэд хамгаалалтын дэглэм сахиулах, халдлага, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээг авах;

27.1.23.чиг үүргийнхээ хүрээнд террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох;

27.1.24.үйл ажиллагаандаа шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээг ашиглах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн болон бусад хяналтын систем нэвтрүүлэх;

27.1.25.хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай өөрт нь мэдээлж, танилцуулах;

27.1.26.байгууллага, албан хаагчийн аюулгүй байдлыг хангах, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

27.1.27.хуульд заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.