32 дугаар зүйл. Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагч
32.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тангараг өргөж, төрийн тусгай хамгаалалтын албанд томилогдон ажиллаж байгаа иргэнийг төрийн тусгай хамгаалалтын алба хаагч гэнэ. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч нь төрийн тусгай албан хаагч мөн.
32.2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн албан тушаалд тавих тусгайлсан шаардлага, шалгуур үзүүлэлт нь албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсрол, мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүйн шаардлага, төрийн тусгай хамгаалалтын албанд болон мэргэжлийн чиглэлээр ажилласан жил зэргээс бүрдэнэ.
32.3.Энэ хуулийн 32.2-т заасан тусгай шаардлага, шалгуур үзүүлэлтийг төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга тогтооно.
32.4.Шадар хамгаалалтын ажилтан нь төрийн тусгай хамгаалалтын чиглэлээр гурваас доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байна.
32.5.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн албан тушаалд анх орох иргэнийг сонгон шалгаруулах, туршилтын хугацаагаар ажиллуулах журмыг төрийн тусгай хамгаалалтын байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.
32.6.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой энэ хуульд тусгайлан зааснаас бусад харилцааг Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.