34 дугаар зүйл. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн дүрэмт хувцас, цол, албаны үнэмлэх
34.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч цэргийн цол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан дүрэмт хувцас хэрэглэнэ.
34.2.Дээд офицероос бусад төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн албан тушаалын цэргийн цолны зэрэглэлийг цэргийн цолны нийтлэг стандартад нийцүүлэн төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга тогтооно.
34.3.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол олгож болно.
34.4.Төрийн тусгай хамгаалалтын албанд цэргийн цол хэрэглэх, олгох, бууруулах, хураан авах, сэргээхтэй холбоотой энэ хуульд тусгайлан зааснаас бусад харилцааг холбогдох хуульд заасан журмын дагуу зохицуулна.
34.5.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн дүрэмт хувцасны эдэлгээний хугацааг Засгийн газар, хангалтын журмыг төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга батална.
34.6.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч ажил үүргийн онцлогоос хамаарч дүрэмт хувцсыг өдөр тутам хэрэглэхгүй байж болно.
34.7.Төрийн тусгай хамгаалалтын албаны үнэмлэхийн загварыг төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга батална.
34.8.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчаас бусад этгээд төрийн тусгай хамгаалалтын албаны дүрэмт хувцас, үнэмлэхийг хэрэглэхийг хориглоно.
34.9.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч тэтгэвэр тогтоолгох болон алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр албанаас чөлөөлөгдсөн бол дүрэмт хувцсыг түүнд хадгалуулна.
34.10.Энэ хуулийн 34.9-д зааснаас бусад үндэслэлээр төрийн тусгай хамгаалалтын албанаас чөлөөлөгдсөн, халагдсан болон өөр ажилд томилогдсон, сонгогдсон тохиолдолд дүрэмт хувцсыг хураан авна.