41 дугаар зүйл. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн хууль зүйн баталгаа

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

41 дугаар зүйл. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн хууль зүйн баталгаа

41.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн ажлыг шууд удирдах албан тушаалтанд нь мэдэгдэлгүйгээр шалгах, түүнийг албан үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулах, түүгээр хуульд заасан чиг үүрэгт нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

41.2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь төрийн тусгай хамгаалалтын байгууллагын даргад мэдэгдэхгүйгээр саатуулах, бие, эд зүйлд нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

41.3.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчаас ажил үүрэгтэй нь холбоотой асуудлаар гэрч, хохирогчийн хувиар мэдүүлэг авах тохиолдолд төрийн тусгай хамгаалалтын байгууллагын даргад мэдэгдэнэ.

41.4.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга, дэд даргыг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол Ерөнхий сайдад, бусад албан хаагчийг төрийн тусгай хамгаалалтын байгууллагын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ.

41.5.Албан үүргээ биелүүлэх үед нь төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид учирсан хохирлыг төр хариуцна.

41.6.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч албан үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгэснээс бусдад учруулсан хохирлыг төр хариуцна.

41.7.Эрх бүхий албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг төрийн тусгай хамгаалалтын алба хаагч ёсчлон биелүүлснээс үүссэн үр дагаврыг үүрэг даалгавар өгсөн албан тушаалтан хариуцна.

41.8.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч ажилдаа ирэх, буцах замд явах болон энхийг дэмжих ажиллагаанд оролцохыг албан үүргээ гүйцэтгэж байгаатай нэгэн адил тооцно.

41.9.Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагч болон түүний гэр бүлийн гишүүний амь биед аюул занал учирсан, эсхүл учирч болзошгүй тохиолдолд тэдгээрийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой зохион байгуулалтын арга хэмжээг авах асуудлыг төрийн тусгай хамгаалалтын байгууллага хариуцна.

41.10.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагчийг гүйцэтгэх ажлын зорилгоор ашиглахыг хориглоно.

41.11.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагч албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.