42 дугаар зүйл. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн нийгмийн баталгаа

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

42 дугаар зүйл. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн нийгмийн баталгаа

42.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг түүний гэр бүлд нэг удаа олгоно.

42.2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас нас барсан, эсхүл албанаас чөлөөлөгдсөн иргэний урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулсан бол энэ хуулийн 42.1-д заасан баталгаа нэгэн адил хамаарна.

42.3.Энэ хуулийн 42.1-д заасан тэтгэмжийн зардлыг Засгийн газар хариуцан гаргаж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

42.4.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд Засгийн газар дараах нөхөх олговрыг олгоно:

42.4.1.хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөх олговор;

42.4.2.хиймэл эрхтэн хийлгэсэн бол түүний зардал;

42.4.3.хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид авч байсан цалингийн зөрүү.

42.5.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн авч байсан цалингийн хэмжээ нэмэгдэх бүрд энэ хуулийн 42.4.3-т заасан цалингийн зөрүүг нэмэгдсэн цалингаас шинэчлэн тооцож олгоно.

42.6.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагчийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж, зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

42.7.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийг гэнэтийн ослын даатгалд заавал даатгуулах бөгөөд зардлыг төр хариуцна.

42.8.Албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас хөгжлийн бэрхшээлтэй болсон төрийн тусгай хамгаалалтын алба хаагч, уг үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэнд амралт сувиллын болон нөхөн сэргээх эмнэлгийн байгууллагад эмчлүүлэхтэй холбоотой зардлыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу жилд нэг удаа олгоно.

42.9.Энэ хуулийн 42.4-т заасан нөхөх олговрыг олгох журам, энэ хуулийн 42.8-д заасан зардлыг олгох журмыг Засгийн газар батална.

42.10.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн төрийн тусгай хамгаалалтын албанд ажилласан нэг жилийг нэг жил дөрвөн сартай дүйцүүлэн тооцно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.