47 дугаар зүйл. Биеийн хүч, зэвсэг, тусгай хэрэгсэл, албаны нохой хэрэглэх нийтлэг үндэслэл
47.1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллага, алба хаагч төрийн тусгай хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, галт зэвсэг, тусгай хэрэгсэл, техник, албаны нохой хэрэглэж болно.
47.2.Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх сургалтад хамрагдан, эрх олгогдсон төрийн тусгай хамгаалалтын алба хаагч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу галт зэвсэг, тусгай хэрэгсэл биедээ авч явах, хэрэглэх эрхтэй.
47.3.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч энэ хуульд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн нөхцөл байдлыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, биеийн хүч, галт зэвсэг, тусгай хэрэгслийг сонгон хэрэглэх эрхтэй.
47.4.Төрийн тусгай хамгаалалтад хэрэглэх галт зэвсэг, сум, тусгай хэрэгслийн жагсаалт, тэдгээрийг бүртгэх, олгох, буцаан авах, хадгалах журам болон төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийг биеийн хүч, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх бэлтгэл хангах журмыг төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга батална.
47.5.Төрийн тусгай хамгаалалтад биеийн хүч, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх журмыг төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга, Улсын ерөнхий прокурортой хамтран батална.
47.6.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч биеийн хүч, галт зэвсэг, тусгай хэрэгсэл, техник хэрэглэхдээ дараах нийтлэг шаардлагыг баримтална:
47.6.1.зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэх;
47.6.2.тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх, хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэх;
47.6.3.хамгаалуулагч болон хамгаалж байгаа хурал, барилга, бусад зүйлийн аюулгүй байдалд заналхийлж байгаа нөлөөллийг бодитоор үнэлж, өөрийн дотоод итгэл үнэмшлийн дагуу хэрэглэх.
47.7.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч төрийн тусгай хамгаалалтын байгууллагын даргын шийдвэрээр албан хэрэгцээнд хүлээн авч, бүртгэсэн галт зэвсэг, тусгай хэрэгслийг хэрэглэнэ.
47.8.Төрийн тусгай хамгаалалтын байгууллага, алба хаагч энэ хууль, холбогдох журамд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, галт зэвсэг, тусгай хэрэгсэл, техник, албаны нохой хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй.
47.9.Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэснээс хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд төрийн тусгай хамгаалалтын алба хаагч нь эмнэлгийн байгууллага, шууд удирдах албан тушаалтанд, удирдах албан тушаалтан нь прокурорт тус тус нэн даруй мэдэгдэнэ.