4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."гарааны компани" гэж Инновацийн тухай хуулийн 3.1.8-д заасныг;
4.1.2."дэвшилтэт технологи" гэж шинжлэх ухааны судалгаа, мэдлэгт суурилсан мэдээллийн технологийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, хөгжүүлэх технологийг;
4.1.3."мэдээллийн технологи" гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан тоон өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох үйл ажиллагааг;
4.1.4."мэдээллийн технологийн үйлдвэрлэл" гэж мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр бий болгох, хөгжүүлэх, түгээх, үйлчилгээ үзүүлэхийг;
4.1.5."мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс" гэж мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдийг цахим хэлбэрээр бүртгэсний үндсэн дээр энэ хуульд заасан дэмжлэг үзүүлэх зорилготой бүсийг;
4.1.6."сэндбокс орчин" гэж мэдээллийн технологийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, хөгжүүлэх, сайжруулах, бодит орчинд турших боломж олгох зорилго бүхий орчныг.