20 дугаар зүйл. Спортын холбоо, түүний эрх, үүрэг
20.1.Спортын холбоо ёс зүйтэй, хүмүүнлэг, бүтээлч, эрүүл чийрэг иргэн бэлтгэх, эерэг хандлага түгээх зорилгоор тухайн спортын төрлийг дэлгэрүүлэхэд чиглэсэн тодорхой хөтөлбөрийн дагуу бодитой, байнгын үйл ажиллагаа эрхлэн, улсын болон олон улсын тэмцээнд оролцох, зохион байгуулах, сургалтын ажил эрхэлнэ.
20.2.Спортын холбоо Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тухайн спортын төрлийн олон улсын холбооны дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаа явуулна.
20.3.Спортын холбоо сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн гишүүнчлэлтэй байж болно.
20.4.Спортын холбоо нь нутаг дэвсгэрийн онцлогт тохирсон нэг төрлийн спортын салбартай байж болно.
20.5.Спортын холбоо нь салбар холбоо, спортын клубээр дамжуулан иргэнд идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлж ажиллана.
20.6.Спортын холбоог нэгдсэн бүртгэлд хамруулах, ангилах, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх спортын холбоог салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу сонгон шалгаруулна.
20.7.Спортын холбоог үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгааг хүлээн зөвшөөрөх шалгуурыг энэ хуулийн 20.6-д заасан журмаар зохицуулна.
20.8.Спортын холбоо дараах эрх, үүргийг хүлээнэ:
20.8.1.спортын тэмцээний заавар, тухайн жилийн тэмцээн, наадмын хуваарь батлах;
20.8.2.улсын хэмжээний спортын тэмцээний нэгдсэн хуваарьт оруулах саналаа биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;
20.8.3.олон улсын дүрмийн дагуу тухайн спортын төрлийн дасгалжуулагч, спортын шүүгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, ажиллах эрхийг хязгаарлах, хасах;
20.8.4.спортын клубийг холбооны гишүүнээр элсүүлэх, тухайн спортын төрлөөр сургалт, дасгалжуулалт эрхлэх зөвшөөрөл олгох;
20.8.5.спортын тэмцээн, наадмын үед олон улсын дүрмийн дагуу тоглолтын үр дүнд нөлөөлөхүйц үйлдэл, эс үйлдэл гаргасан тамирчин, дасгалжуулагч, спортын шүүгчийг тухайн спортын тэмцээн, наадмын үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлах, хасах;
20.8.6.тамирчин, биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагч, тамирчны ёс зүйн дүрмийг энэ хуулийн 7.1-д заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээнд нийцүүлэн баталж, мөрдүүлэх;
20.8.7.спортын холбооны ёс зүйн зөвлөл байгуулах;
20.8.8.биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэдэх орон тооны бус Ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх;
20.8.9.тамирчны сургалт, дасгалжуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, шигшээ баг бүрдүүлэн спортын тэмцээн, наадамд оролцуулах;
20.8.10.тамирчин, шүүгчид спортын зэрэг, цол олгох, бууруулах, хасах;
20.8.11.холбооны бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулсан спортын тэмцээн, наадам, тамирчны амжилт, спортын цол, зэрэг, гишүүнчлэлийн талаарх өөрчлөлтийг мэдээллийн цахим санд тогтмол шинэчлэх;
20.8.12.тамирчин, дасгалжуулагч, спортын шүүгчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;
20.8.13.биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулахад спортын сайн дурын ажилтныг оролцуулах;
20.8.14.спортын төрлийн үйл ажиллагаа, сургалт, дасгалжуулалт, орчны стандартыг боловсруулах.
20.9.Спортын холбоо дараагийн жилд Монгол Улсад зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадам зохион байгуулах танилцуулга, шаардлагатай төсвийн саналыг тухайн жилийн 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.