27 дугаар зүйл. Допингийн эсрэг үндэсний тогтолцоо

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Допингийн эсрэг үндэсний тогтолцоо

27.1.Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжилтийг дараах байгууллага хангаж ажиллана:

27.1.1.Монголын үндэсний олимпын хороо;

27.1.2.Монголын үндэсний паралимпын хороо;

27.1.3.Допингийн эсрэг үндэсний байгууллага;

27.1.4.Допингийн эсрэг үндэсний зөвлөл;

27.1.5.Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр.

27.2.Энэ хуулийн 27.1.3-т заасан байгууллага Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Копенгагены тунхаглал, Дэлхийн болон допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүргийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үндсэн дээр хэрэгжүүлнэ.

27.3.Допингийн эсрэг үндэсний байгууллага үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:

27.3.1.Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх, допингийн эсрэг олон улсын дүрэм, удирдамж, зөвлөмжийг мөрдөх;

27.3.2.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу ил тод байдлыг хангаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах;

27.3.3.сайн засаглалыг хэрэгжүүлэх;

27.3.4.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;

27.3.5.тамирчны эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрүүл мэндийг хамгаалах.

27.4.Дэлхийн допингийн эсрэг дүрмийн дагуу Монголын үндэсний олимпын хороо нь Допингийн эсрэг үндэсний байгууллагыг үүсгэн байгуулах эрхтэй.

27.5.Допингийн эсрэг үндэсний байгууллагын удирдах зөвлөл нь 13 хүртэл тооны сондгой гишүүнтэй байх бөгөөд Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний паралимпын хороо, биеийн тамир, спортын салбарын төрийн байгууллага, спортын холбоо, тамирчдын комисс, Хуульчдын холбоо, эрүүл мэндийн байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.

27.6.Допингийн эсрэг үндэсний байгууллага нь Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдлын тухай удирдамжийн холбогдох заалт, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу ил тод байдлыг хангаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллана.

27.7.Допингийн эсрэг үндэсний байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнийг 3 жилийн хугацаатай нэг удаа сонгоно.

27.8.Монгол Улсын Засгийн газар Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцын дагуу хүлээсэн үүргээ энэ хуулийн 27.1.4-т заасан Допингийн эсрэг үндэсний зөвлөлөөр төлөөлүүлэн хэрэгжүүлнэ.

27.9.Допингтой холбоотой аливаа маргааныг олон улсын болон үндэсний спортын арбитрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллага хэрэгжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.