28 дугаар зүйл. Допингийн эсрэг үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг
28.1.Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрмийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
28.2.Допингийн эсрэг үндэсний байгууллагын үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын шийдвэрээр түдгэлзүүлсэн, эсхүл татан буугдсан бол энэ тухай Дэлхийн допингийн эсрэг агентлагт мэдэгдэж, тус байгууллагыг шинэчлэх, дахин шинээр байгуулах хүртэл түүний үүргийг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмийн дагуу Монголын үндэсний олимпын хороо түр орлон гүйцэтгэнэ.
28.3.Допингийн эсрэг үндэсний байгууллага энэ хуулийн 27.3-т заасан зарчмын дагуу дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
28.3.1.Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрмийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа ил тод тайлагнах;
28.3.2.олон улс, тив, дэлхийн болон дотоодын спортын тэмцээн, наадамд оролцох тамирчинд допингийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
28.3.3.тамирчдаас шинжилгээний сорьцыг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид шинжлүүлэх, хариу хүлээн авах ажлыг зохион байгуулах;
28.3.4.допингийн эсрэг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, судалгааг явуулах;
28.3.5.допингийн эсрэг боловсрол олгох сургалт, сурталчилгааг эрх бүхий байгууллагатай хамтран зохион байгуулах;
28.3.6.үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, шийтгэл ногдуулах;
28.3.7.эмчилгээний зорилгоор чөлөөлөх ажлыг хэрэгжүүлэх;
28.3.8.Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан бусад дүрэм, заавар, зөвлөмж, олон улсын стандартын хэрэгжилтийг хангах;
28.3.9.Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэхээр байгуулсан гэрээг үндэслэн улсын төсвөөс олгосон хөрөнгө, санхүүжилтээр гүйцэтгэсэн үйл ажиллагаа, холбогдох гэрээ хэлцэл, санхүүгийн гүйлгээ, нягтлан бодох бүртгэлийн талаар хувь хүний нууцад хамаарахаас бусад тайлан, мэдээллийг жил бүрийн 02 дугаар сард багтаан биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, олон нийтэд мэдээлэх.
28.4.Допингийн эсрэг үндэсний зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
28.4.1.Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцын хэрэгжилтийн үндэсний тайланг хэлэлцэх;
28.4.2.Допингийн эсрэг үндэсний байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдлын тухай удирдамжид нийцсэн талаарх дүгнэлт, зөвлөмж гаргах;
28.4.3.Допингийн эсрэг үндэсний байгууллагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх, дүгнэх, зөвлөмж гаргах;
28.4.4.улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх Допингийн хяналтын хөтөлбөрийн зардал, үйл ажиллагааны төлөвлөлт, зарцуулалтыг хэлэлцэх, зөвлөмж гаргах;
28.4.5.төрийн болон төрийн бус байгууллагын ажлын уялдааг хангах, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх;
28.4.6.тухайн асуудлаар олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн санал, зөвлөмжийг хэлэлцэх;
28.4.7.зөвлөлийн гишүүдийн ажлын тайлан, мэдээлэл болон бусад асуудлыг хэлэлцэх, зөвлөмж гаргах.
28.5.Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр Дэлхийн допингийн эсрэг дүрэм, түүнд нийцүүлэн баталсан олон улсын стандартын нийцлийг хангаж байгаа эсэх талаар хэрэг хянан шийдвэрлэж болно.
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН АЖИЛТАН, АРГА ЗҮЙЧ, ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧ, ШҮҮГЧ