31 дугаар зүйл. Хотын Захирагчийн ажлын алба

ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Хотын Захирагчийн ажлын алба

31.1.Хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тоог Засгийн газраас тогтоосон жишигт нийцүүлэн Захирагч тогтооно. Захирагчийн ажлын алба нь хэлтэс, тасагтай байна.

31.2.Хотын Захирагч өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх хотын аж ахуйн асуудал хариуцсан байгууллагатай байх бөгөөд түүнийг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг хотын Зөвлөл шийдвэрлэнэ.

31.3.Хотын Захирагчийн ажлын алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

31.3.1.хотын Захирагчид мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах;

31.3.2.хотын Захирагчийг шаардлагатай мэдээллээр хангах;

31.3.3.хотын аж ахуйн асуудлыг судлах, шийдвэрийн төслийг боловсруулах, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

31.3.4.хууль тогтоомж, Засгийн газар, Зөвлөл, Захирагчийн шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүн, биелэлтийг тооцох;

31.3.5.иргэн, хуулийн этгээдэд нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

31.3.6.Захирагчийн бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;

31.3.7.хотын удирдлагын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;

31.3.8.хотын аж ахуйн нэгдмэл байдлыг хангах ажлыг зохион байгуулах;

31.3.9.хотын аж ахуйн асуудал хариуцсан байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

31.3.10.хотын аж ахуйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран ажиллах;

31.3.11.хотын Захирагчийн олгосон эрх хэмжээний хүрээнд хотын аж ахуйн асуудлаар хотын хорооллын удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих, үүрэг өгөх;

31.3.12.хуульд заасан бусад.

31.4.Хотын Захирагчийн ажлын албаны дарга нь ажлын албаны ажилтан, албан хаагчийг томилж, чөлөөлнө.

31.5.Хотын Захирагчийн ажлын албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.