4 дугаар зүйл. Хот, тосгон, хотын зэрэглэл
4.1.Хот нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага, зохион байгуулалт, эдэлбэр газар, хот бүрдүүлэгч дэд бүтэц, эдийн засгийн чадавх бүхий, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаас шилжүүлсэн зарим чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх нийтийн эрх зүйн этгээд мөн.
4.2.Тосгон нь 2000-аас доошгүй байнгын оршин суугчтай, эсхүл байнгын оршин суугчтай байхаар төлөвлөсөн, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, амралт, сувилал, тээвэр, логистик, худалдаа зэрэг салбарын аль нэг зонхилон хөгжсөн, хотын зарим шинжийг агуулсан, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаас шилжүүлсэн зарим чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх нийтийн эрх зүйн этгээд мөн.
4.3.Улсын болон бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, газар зүйн байршил, өөрийн болон засаг захиргааны чиг үүргийн онцлогийг нь харгалзан хотыг дараах байдлаар ангилна:
4.3.1.нийслэл Улаанбаатар хот;
4.3.2.улсын зэрэглэлтэй хот;
4.3.3.орон нутгийн зэрэглэлтэй хот.
4.4.100000-аас доошгүй оршин суугчтай, эсхүл оршин суугчтай байхаар төлөвлөсөн, тэдгээрийн дийлэнх хувь нь үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэцтэй, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий хот нь улсын зэрэглэлтэй байна.
4.5.30000-аас доошгүй оршин суугчтай, эсхүл оршин суугчтай байхаар төлөвлөсөн хот нь орон нутгийн зэрэглэлтэй байна.
4.6.Нийслэл Улаанбаатар хот болон улсын зэрэглэлтэй хот дагуул хоттой байж болно.
4.7.Дагуул хот орон нутгийн зэрэглэлтэй байна.
4.8.Байнгын ажиллагаатай хилийн боомт бүхий суурин газрыг хот, эсхүл тосгоны хэлбэрээр хөгжүүлж болно.