5 дугаар зүйл. Хот, тосгон байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах

ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Хот, тосгон байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах

5.1.Хот байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг дараах шалгуурыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ:

5.1.1.улсын, бүсийн болон аймгийн эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөө, ач холбогдол;

5.1.2.хүн амын байршил, нийгмийн үйлчилгээг хүргэх дэд бүтэц;

5.1.3.зам, харилцаа, инженерийн байгууламж, бусад дэд бүтцийн хөгжил;

5.1.4.хүрээлэн байгаа орчин, оршин байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үзүүлэх эдийн засгийн нөлөөлөл.

5.2.Хот байгуулах шийдвэрт хотын оноосон нэр, эдэлбэр газрын хэмжээ, байршил, зааг болон тухайн хотод засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг шилжүүлэх талаар тусгана.

5.3.Хот байгуулах санаачилгыг нэг, эсхүл хэд хэдэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэд нутгийн өөрөө удирдах байгууллагаар уламжлуулан Засгийн газарт гаргаж болно.

5.4.Хотыг өөрчлөн байгуулах, татан буулгахтай холбогдсон харилцааг Хот байгуулалтын тухай хуулиар нарийвчлан зохицуулна.

5.5.Тосгон байгуулах, өөрчлөн байгуулах асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, эсхүл хотын Зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэх бөгөөд шийдвэрт тосгоны оноосон нэр, эдэлбэр газрын хэмжээ, байршил, заагийг тусгана.

5.6.Тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг шилжүүлэх бол Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.