6 дугаар зүйл. Хот, тосгоны удирдлагын зарчим
6.1.Хот, тосгоны өөрийн удирдлага үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна доор дурдсан зарчмыг баримтална:
6.1.1.төрийн байгууламжийн нэгдмэл байдлыг хангах;
6.1.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хот, тосгоны өөрийн удирдлагатай хослуулах;
6.1.3.эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх, хариуцлага хүлээх;
6.1.4.оршин суугчдын эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах;
6.1.5.асуудлыг шийдвэрлэхэд оршин суугчдын санал, оролцоог нэн тэргүүнд харгалздаг байх;
6.1.6.нийтийн аж ахуйн үйлчилгээг оршин суугчдад тэгш, хүртээмжтэй хүргэх;
6.1.7.тогтвортой хөгжлийг хангах;
6.1.8.төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих;
6.1.9.алслагдсан хот, тосгонд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх;
6.1.10.ил тод байх, оршин суугчдыг мэдээллээр хангах;
6.1.11.хот, тосгоны зохион байгуулалт, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, хотын зэрэглэл тогтоохтой холбоотой шийдвэр гаргахад их өгөгдлийн тооцоололд суурилах, дэвшилтэт технологийг ашиглах.