41 дугаар зүйл. Хотын дэд бүтцийн сан
41.1.Улсын зэрэглэлтэй хот болон нийслэлд харьяалагдахаас бусад орон нутгийн зэрэглэлтэй хот нь доор дурдсан үйл ажиллагаанд зарцуулах хотын дэд бүтцийн сантай байна:
41.1.1.инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх;
41.1.2.дулаан, цахилгаан, холбоо, цэвэр, бохир ус, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын барилга байгууламж зэрэг инженерийн шугам сүлжээний арчлалт, өргөтгөл шинэчлэлт, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх;
41.1.3.инженерийн дэд бүтцийн судалгаа шинжилгээний ажил хийх, холбогдох норм дүрэм, стандарт боловсруулах, нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх.
41.2.Дэд бүтцийн сангийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
41.2.1.тухайн хотын төсвийн орлогын 1.5-аас доошгүй хувь;
41.2.2.дулаан, цахилгаан, цэвэр усаар хангах, түгээх, бохир ус татан зайлуулах байгууллагын тухайн жилийн дээрх үйл ажиллагааны орлогын 1.5-аас доошгүй хувь;
41.2.3.гадаадын зээл, тусламж, хандив;
41.2.4.ус бохирдуулсны төлбөрийн 50 хувь;
41.2.5.хуулиар хориглоогүй бусад.
41.3.Энэ хуулийн 41.1-д заасан сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих нийтлэг журмыг Засгийн газар батална. Засгийн газраас баталсан нийтлэг журамд нийцүүлэн хотын Дэд бүтцийн санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журмыг тухайн хотын Зөвлөл баталж, хэрэгжилтэд хяналт тавина.
41.4.Зөвлөл энэ хуулийн 41.3-т заасны дагуу баталсан журмыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бүртгүүлнэ.
41.5.Дэд бүтцийн сангаас зээл олгох, өр, авлага үүсгэх, сангийн хөрөнгийг зориулалтын бус үйл ажиллагаанд зарцуулахыг хориглоно.