50 дугаар зүйл. Хот, тосгоны оршин суугч шийдвэр гаргах
үйл ажиллагаанд шууд оролцох
50.1.Иргэн хот, тосгоны өөрийн удирдлагад дараах хэлбэрээр шууд оролцоно:
50.1.1.хот, тосгоны эдийн засаг, нийгмийн тодорхой асуудлыг хот, тосгоны Зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр санал гаргах;
50.1.2.хот, тосгоны амьдралын тодорхой асуудлаар хуульд зааснаар явуулах зөвлөлдөх санал асуулгад оролцох;
50.1.3.хот, тосгоны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар нэг удаагийн, эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг санаачлах. Энэ санаачилгыг хот, тосгоны сонгуулийн эрх бүхий оршин суугчдын 10-аас доошгүй хувь нь дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд Зөвлөл хэлэлцэх үүрэгтэй.
50.2.Хот, тосгоны амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар санал асуулга явуулахыг сонгуулийн эрх бүхий оршин суугчид дараах хувиар дэмжиж гарын үсэг зурж, хүсэлт гаргана:
50.2.1.30 000 хүртэл оршин суугчтай бол 20 хувь;
50.2.2.30 001-60 000 хүртэл оршин суугчтай бол 15 хувь;
50.2.3.60 001-100 000 хүртэл оршин суугчтай бол 12 хувь;
50.2.4.100 001-ээс дээш оршин суугчтай бол 10 хувь.
50.3.Энэ хуулийн 50.2-т заасны дагуу оршин суугчид хүсэлт гаргасан бол хот, тосгоны Зөвлөл санал асуулгыг заавал зохион байгуулах үүрэгтэй бөгөөд Захирагч тухайн санал асуулгын зохион байгуулалтыг хариуцаж ажиллана.
50.4.Энэ хуулийн 50.2-т заасан тодорхой асуудлыг шийдвэрлэх санал асуулгыг зохион байгуулах, эрхлэн явуулах, дүнг гаргах журмыг Засгийн газар тогтооно.