29 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
29.1.Энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
29.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
29.3.Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол төсөл хэрэгжүүлэгч нь хотын удирдлагатай байгуулсан гэрээний харилцаанаас үүсэх маргааныг талууд харилцан тохиролцсоны дагуу шүүх, эсхүл арбитраар шийдвэрлүүлнэ.
29.4.Хотын эдэлбэр газар, инженерийн дэд бүтэц, бүтээн байгуулалтад хохирол учруулсан гэм буруутай этгээд нь Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн эсэхээс үл хамааран уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах арга хэмжээ авах бөгөөд хэрэв мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн бол үүнтэй холбогдон гарсан зардлыг бүрэн хариуцна. Гэм буруутай этгээд нь төсөл хэрэгжүүлэгч бол төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР