9 дугаар зүйл. Хотын газрын менежмент
9.1.Хотын газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө нь хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хотыг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, барилгажилтын төсөлд үндэслэх бөгөөд хотын Ерөнхий архитекторын саналыг үндэслэн хотын Зөвлөл батална.
9.2.Энэ хуулийн 7, 8 дугаар зүйлд заасны дагуу хотын эдэлбэр газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгана.
9.3.Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу нийгмийн болон инженерийн дэд бүтцээс бусад зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагадгазар ашиглах эрх олгох асуудлыг зөвхөн төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.
9.4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах эрх олгох төсөл нь хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хотыг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний үе шатнытөслийн жагсаалтад хамаарч байна.
9.5.Энэ хуулийн 9.3-т заасан төсөлболон сонгон шалгаруулалтад оролцох этгээдэд тавих шаардлага, төсөл шалгаруулах журмыг Засгийн газар батална.
9.6.Энэ хуулийн 9.5-д заасан журмын дагуу төслийг Хүннү хотын хөгжлийн корпорац сонгон шалгаруулж, шалгарсан этгээдтэй газар ашиглуулах гэрээг хотын Захирагч байгуулна. /Энэ хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.7.Энэ хуулийн 9.6-д заасан газар ашиглуулах гэрээнд Газрын тухай хуульд зааснаас гадна дараах нөхцөлийг тусгана:
9.7.1.газрыг гэрээнд заасан төсөл хэрэгжүүлэхээс өөр зориулалтаар ашигласан, эсхүл ашиглахаар бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа бол гэрээг нэг талын санаачилгаар цуцлах;
9.7.2.төслийг гэрээ байгуулснаас хойш 12 сарын хугацаанд хэрэгжүүлж эхлээгүй бол газар ашиглах эрх дуусгавар болох.
9.8.Хотын эдэлбэр газарт улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж газар ашиглуулах асуудлыг энэ хуулийн 9.5-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
9.9.Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хотыг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Засгийн газрын шийдвэрээр улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлж болно. Энэ тохиолдолд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн[9] 10, 11, 12 дугаар зүйлийг баримтална.
ХОТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО