11 дугаар зүйл. Хархорум хотын хөгжлийг дэмжихэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах
11.1.Хот нь оршин суугчийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хотын тогтвортой хөгжлийг дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор хот төлөвлөлтийн баримт бичигтэй уялдсан ухаалаг хот төлөвлөлттэй байна.
11.2.Ухаалаг хот төлөвлөлт нь инновац, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, юмсын интернэт зэрэг дэвшилтэт технологийг ашиглах бөгөөд дараах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ:
11.2.1.эрүүл мэнд, боловсрол, соёлын зэрэг нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, хотод тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх;
11.2.2.их өгөгдөлд суурилан шийдвэр гаргах боломжийг бүрдүүлж, үр дүнг тооцоолох;
11.2.3.мэдээлэл солилцох системийг үүсгэх, түүний тасралтгүй, найдвартай байдал болон кибер аюулгүй байдлыг хангаж, хүний хувийн мэдээллийг хамгаалах, мэдээллийг саадгүй солилцох нөхцөлийг бүрдүүлэх;
11.2.4.хотоос үзүүлэх үйлчилгээг цахим, ухаалаг системээр авах нөхцөлийг бий болгох;
11.2.5.оршин суугч болон иргэнд мэдээллийг нээлттэй, ил тод хүргэх, мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэх;
11.2.6.хотын инженерийн дэд бүтэц, замын хөдөлгөөний нөхцөл байдал, нийтийн тээврийн удирдлага, орчны аюулгүй байдлыг хангах, гамшгаас урьдчилан сэргийлэх, агаарын чанарын болон орчны бохирдол, чийгшил, байгаль орчны стандартыг хэмжих, хянах, мэдээлэх нөхцөлийг бүрдүүлэх;
11.2.7.оршин суугчийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авах, хотын үйл ажиллагаатай холбоотой санал асуулга зохион байгуулах цахим оролцооны систем ажиллуулах;
11.2.8.харилцаа холбооны сүлжээг сайжруулж хотын интернэт хэрэглээний хүртээмжийг нэмэгдүүлэх;
11.2.9.тоон гарын үсгийн хэрэглээг дэмжих;
11.2.10.оршин суугчийн цахим ур чадвар, чадамжийг нэмэгдүүлэх, цахим орчинд хүүхэд хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх.
11.3.Энэ хуулийн 11.1-д заасан төлөвлөлтөд хотын үйл ажиллагаа, төлөвлөлтийн талаарх олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ, хариуцах этгээд, хүрэх үр дүнг хэмжигдэхүйц байдлаар тодорхойлж, санхүүжилтийн эх үүсвэрийг нарийвчлан тооцож хотын Захирагч батлах бөгөөд хэрэгжилтийг зохион байгуулна.
11.4.Хот энэ хуулийн 11.2-т заасны дагуу үүсгэх оршин суугчид зориулсан мэдээллийн системийг хөгжлийн бэрхшээлтэй хүн саадгүй ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
ХАРХОРУМ ХОТЫН ЧИГ ҮҮРЭГ, УДИРДЛАГА