10 дугаар зүйл. Хархорум хотын газар зохион байгуулалт

ХАРХОРУМ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Хархорум хотын газар зохион байгуулалт

10.1.Хотын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөлд үндэслэх бөгөөд хотын Захирагчийн саналыг үндэслэн хотын Зөвлөл батална.

10.2.Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл, бүсчлэл, хотын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй нийцүүлэн газрыг ашиглах эрхийг хотын Захирагч олгоно.

10.3.Хотын эдэлбэр газарт төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээ, улс, хотын төсвийн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж газар ашиглуулахаас бусад газар ашиглуулах үйл ажиллагааг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.

10.4.Газар ашиглах гэрээнд Газрын тухай хуульд зааснаас гадна дараах нөхцөлийг тусгана:

10.4.1.газрыг гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашигласан, эсхүл ашиглахаар барилга угсралтын ажил хийгдэж байгаа бол гэрээг нэг талын санаачилгаар цуцлах;

10.4.2.газар ашиглах гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан хуваарийн дагуу төслийг хэрэгжүүлж эхлээгүй бол газар ашиглах эрх дуусгавар болох.

10.5.Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийн дагуу Засгийн газрын шийдвэрээр улс, хотын төсвийн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг чөлөөлөх журмыг Засгийн газар батална.

10.6.Газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаас өмнө газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх авсан иргэн, хуулийн этгээд нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн өөрийн хөрөнгө, хот болон дотоод, гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж болох бөгөөд энэ хуулийн 10.5-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд Засгийн газраас баталсан журмын дагуу шийдвэрлэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.