8 дугаар зүйл. Хархорум хотын төлөвлөлтөд тавигдах шаардлага
8.1.Хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд Хот байгуулалтын тухай хууль болон олон улсын стандартад заасан шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
8.1.1.бүсчлэлийн зориулалт, хүн амын нягтаршлаас хамааран иргэд оршин суугаа газраасаа 300-800 метр зайд сургууль, цэцэрлэгт явах, нийгэм, соёлын болон эрүүл мэндийн үйлчилгээ авах, амрах, зугаалах, нийтийн тээврийн буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа, үйлчилгээний газарт хүрэх боломжийг бүрдүүлэх;
8.1.2.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлсон хотын суурьшлын бүсийн 50-аас доошгүй хувь нь ногоон байгууламж байх;
8.1.3.амины орон сууцнаас бусад нийтийн орон сууцны зориулалтаар төлөвлөх газрын доод хэмжээ 0.1 га байх;
8.1.4.нийтийн орон сууцнаас бусад зориулалтаар төлөвлөх газрын доод хэмжээ 0.2 га байх;
8.1.5.хүн амын нягтаршлыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төслийн түвшинд 460 хүн/га-аас ихгүй байхаар төлөвлөх;
8.1.6.барилга байгууламжийн зураг төсөл энэ хуулийн 7.1-д заасан баримт бичигтэй уялдсан байх;
8.1.7.барилга байгууламжийн гадна засал, өнгөний шийдэл нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан гудамжны нийтлэг өнгө, барилгын өндөржилт, загварын дагуу гудамж, өргөн чөлөө, хотхон, хорооллын онцлог, байршил, архитектур, орон зайн зохиомж зэрэгтэй уялдсан байх;
8.1.8.хотын гол гудамж замыг явган зам, мопед, унадаг дугуйн зам, ногоон байгууламж, инженерийн дэд бүтцийн зурвасыг багтаасан цогц төлөвлөлтөөр шийдсэн байх;
8.1.9.хотын олон нийтийн барилга байгууламж нь саарал усыг дахин ашиглах, хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах технологид тулгуурлах;
8.1.10.хотын газар доорх орон зайг ашиглан инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний төлөвлөлт, бүтээн байгуулалтад хонгилын системийг стандартын шаардлагыг хангаж нэвтрүүлэх;
8.1.11.нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/ ашиглах орон зайг бий болгох;
8.1.12.нуур, цөөрөм үүсгэх, нөхөн сэргээх, гадаргын усыг хуримтлуулж экосистемийг хамгаалах боломжтой байх;
8.1.13.хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан хөтөчтэй явган хүний зам, дуут гэрлэн дохио, тээврийн хэрэгслийн зогсоол, нийтийн тээврийн хэрэгслийн тоноглол, олон нийтийн үйлчилгээний барилга байгууламжид ариун цэврийн өрөө төлөвлөх;
8.1.14.инженерийн бэлтгэл арга хэмжээ, ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан болон хийн хангамж, зам, харилцаа холбоо, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг дэд бүтэц, олон нийтийн барилга байгууламж барих ажлыг нэн тэргүүнд зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг ашиглах дэд бүтцийг хөгжүүлэх;
8.1.15.олон улс, бүс нутаг, хөрш орнуудыг холбосон аялал жуулчлалын коридорыг байгуулах;
8.1.16.усны эх үүсвэр, усан хангамж, эрчим хүч, зам тээвэр, тээврийн хэрэгслийн үйлчилгээнд ухаалаг систем нэвтрүүлэх;
8.1.17.байгаль экологи, археологи, палеонтологи, нүүдлийн өв, соёл, нутгийн иргэдийн ахуй амьдралд түшиглэсэн, төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх;
8.1.18.түүх, соёлын дурсгал, урлагийн бүтээлд тулгуурлан үндэсний бахархлыг сэргээж, соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах.
8.2.Хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, барилга байгууламж, инженерийн дэд бүтцэд ухаалаг хотын олон улсын стандартад заасан шийдлийг нэвтрүүлж болно.
8.3.Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 20 жилийн хугацаатайгаар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 5 жилийн хугацаатайгаар төлөвлөх бөгөөд оршин суугч болон аж ахуйн нэгжийн санал, барилгажилтын түвшин, хотын Зөвлөлийн олонхын шийдвэрийг үндэслэнэ.