29 дугаар зүйл. Цэц шийдвэр гаргахаар зөвлөлдөх
1.Цэц шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана. Цэцийн шийдвэрийг хуралдаанд оролцсон аль нэг гишүүн бичнэ.
2.Зөвлөлдөх тасалгаанд асуудал шийдвэрлэхэд Цэцийн хуралдаанд оролцсон гишүүн бүр адил тэгш эрхтэй бөгөөд тухайн шийдэх гэж байгаа асуудлын талаар өөрийн санал, байр сууриа чөлөөтэй илэрхийлж, тайлбарлах эрхтэй.
3.Цэцийн шийдвэрийг тухайн хуралдаанд оролцсон гишүүд зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргахдаа уг маргааныг хуралдаанд илтгэсэн гишүүн өөрийн санал, дүгнэлтийг эхэлж гаргах бөгөөд түүний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн Цэцэд хамгийн удаан жил ажилласан гишүүнээс эхлэн ажилласан жилийн эрэмбээр санал, дүгнэлтээ хэлж, хуралдаан даргалагч эцэст нь саналаа гаргана.
/Энэ хэсгийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4.Цэцийн хуралдаанд оролцсон гишүүн зөвлөлдөх тасалгаанд асуудал шийдвэрлэхэд саналаа заавал өгнө.
5.Цэц зөвлөлдөх тасалгаанд шийдвэрээ гаргасны дараа хуралдаан даргалагч болон бусад гишүүд бүгд гарын үсэг зурж, хуралдаан даргалагч буюу түүний даалгаснаар аль нэг гишүүн нийтэд уншиж сонсгоно.
6.Цэцийн хуралдаанд оролцсон гишүүдийн санал тэнцсэн, маргааны талаар нэмэлт шалгалт хийх шаардлагатай болсон бол Цэц уг маргааныг 30 хоногийн дотор дахин хянан хэлэлцэж шийдвэрлэхээр хойшлуулж, энэ тухай магадлал гаргана.