28 дугаар зүйл. Цэцийн хуралдаанд маргаан хянан хэлэлцэх
1.Цэцийн хуралдаанд маргаан хянан хэлэлцэх ажиллагаа уг маргааныг урьдчилан шалгасан Цэцийн гишүүний илтгэлийг сонссоноор эхэлнэ. Цэцийн гишүүн илтгэлдээ маргааны гол агуулга, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрийн урьдчилсан дүгнэлт, саналгүйгээр танилцуулна.
2.Гишүүний илтгэлийг сонссоны дараа хуралдаанд маргагч талуудаас нэмэлт тайлбар байгаа бол өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан талаас эхэлж ээлж дараалан сонсоно.
3.Нотлох баримтыг шинжлэн судлах, гэрч, шинжээч, мэргэжилтнүүдийн мэдүүлэг, дүгнэлт сонсох ажиллагаа явуулах бөгөөд дарааллыг хянан хэлэлцэж байгаа маргаан тус бүрийн онцлогийг харгалзан хуралдаан даргалагч тогтооно.
4.Оролцогч талууд харилцан мэтгэлцэх бөгөөд ээлж дарааллыг хуралдаан даргалагч тогтооно.
5.Цэцийн бүрэлдэхүүнд орсон гишүүд хуралдааны аль ч шатанд хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр хэнээс боловч асуулт тавьж, хариулт авах эрхтэй. Цэцийн гишүүний асуулт нь урьдчилсан дүгнэлтийн агуулгатай, мэтгэлцэх хэлбэртэй байж болохгүй.
/Энэ хэсгийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.Бүх нотлох баримтыг шалгаж, мэтгэлцээн, асуулт, хариулт дууссаны дараа маргагч талуудад төгсгөлийн үг хэлж, хүсэлт гаргах санал байгаа бол сонсоно. Дараа нь шийдвэр гаргахаар Цэцийн хуралдаан завсарлаж байгааг хуралдаан даргалагч зарлана.
7.Цэцийн хуралдааны явцад маргааныг нэгтгэх, тусгаарлах асуудал гарвал, энэ тухай магадлал гаргана.