10 дугаар зүйл. Хэлцлийн үнийн арга
10.1.Хэлцлийн үнийн аргыг импортын барааны гаалийн үнийг тодорхойлох үндсэн арга гэж үзнэ.
10.2.Хилийн чанадаас худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг импортын барааны хэлцлийн үнэ гэнэ.
10.3.Энэ хуулийн 10.1-д заасан аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараахь зардлыг нэмж тооцно:
10.3.1.тухайн барааг Монгол Улсын хилийн өртөө хүртэл тээвэрлэхтэй холбогдон гарсан дараахь зардал:
10.3.1.1.тээврийн зардал, тээврийн болон экспортын бичиг баримт бүрдүүлэхэд гарсан зардал, тээврийн хэрэгсэл болон чингэлэг ашиглалтын хөлс, түрээсийн төлбөр;
10.3.1.2.тээвэрлэлтийн үед барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачих болон арчлан хамгаалахад гарсан зардал;
10.3.1.3.даатгалын хураамж.
10.3.2.тухайн барааг худалдан авахтай холбогдуулан худалдан авагчийн төлсөн буюу төлбөл зохих комиссын болон зуучлагчийн хөлс, уг бараатай хамт ангилагдах эргэлтийн сав, баглаа боодлын үнэ;
10.3.3.тухайн барааг үйлдвэрлэх, Монгол Улсад экспортлохтой холбогдуулан ашиглуулахаар худалдан авагчаас худалдагчид, эсхүл үйлдвэрлэгчид шууд болон шууд бус хэлбэрээр үнэ төлбөргүй, эсхүл хямдруулсан үнээр нийлүүлсэн бараа, ажил, үйлчилгээний өртгийн зохих хэсэг;
10.3.4.тухайн барааг худалдан борлуулах нөхцөл болгон худалдан авагчаас худалдагчид шууд болон шууд бус хэлбэрээр төлсөн, эсхүл төлөх оюуны өмч ашигласны төлбөр;
10.3.5.худалдан авагч тухайн барааг худалдан борлуулсан, захиран зарцуулсан, ашигласнаас олох орлогоосоо шууд болон шууд бус хэлбэрээр худалдагчид төлөх хэсэг.
10.4.Энэ хуулийн 10.1-д заасан аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд орсон бөгөөд тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн, гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараахь зардлыг хасч тооцно:
10.4.1.үйлдвэрлэлийн хэрэгсэл, машин, тоног төхөөрөмж зэрэг барааг импортолсны дараа суурилуулах, угсрах, засварлах болон техникийн туслалцаа үзүүлэх, сургалт явуулах зардал;
10.4.2.гаалийн хилээр оруулсны дараахь тээврийн зардал;
10.4.3.импортлогч орны гаалийн болон бусад татвар.
10.5.Нэг ачилтаар хэд хэдэн нэр төрлийн барааг улсын хилээр оруулж ирсэн тохиолдолд хэлцлийн үнэ дээр нэмэгдэх, эсхүл хэлцлийн үнээс хасвал зохих зардлыг бараа болгонд хуваарилахдаа нийт ачилтын цэвэр жинд тухайн барааны ногдох жинг харьцуулах ба ийнхүү жинг харьцуулан зардлыг хуваарилах боломжгүй бол эзлэхүүн, эсхүл үнийн дүнг харгалзан зардлыг хуваарилж болно.
10.6.Худалдан авагчийн тухайн барааг худалдах, хэрэглэх буюу ашиглах эрхийг Монгол Улсын хууль тогтоомжоор хязгаарласан, эсхүл худалдан борлуулах бүс нутгийг заагласан, түүнчлэн барааны үнэд үл нөлөөлөх бусад хязгаарлалт тогтоосон нь хэлцлийн үнийн аргыг хэрэглэхэд саад болохгүй.
10.7.Дараахь тохиолдолд хэлцлийн үнийн аргыг хэрэглэхийг хориглоно:
10.7.1.худалдан авагчийн худалдах, хэрэглэх буюу ашиглах эрхийг энэ хуулийн 10.6-д зааснаас өөр үндэслэлээр хязгаарласан;
10.7.2.барааг худалдах, хэрэглэх буюу ашиглах, эсхүл устгахтай холбоотой худалдан авагчийн эрхийг хязгаарласан хэлцэл хийсэн;
10.7.3.тухайн барааны үнийг тодорхойлох боломжгүй нөхцөл, болзол, шаардлагыг хэлцэлд тусгасан;
10.7.4.импортын барааг худалдсан, хэрэглэсэн буюу ашигласнаас орох орлогоос худалдагчид ногдох хэсгийг тодорхойлох боломжгүй бол;
10.7.5.мэдүүлэгч нь гаалийн үнийг тодорхойлохдоо ашигласан мэдээлэл, тооцооны үнэн зөвийг гадаад худалдааны болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох бичиг баримтаар баталгаажуулж нотлоогүй бол;
10.7.6.худалдах, худалдан авах ажиллагаа нь энэ хуулийн 10.8-д заасан харилцан хамааралтай этгээдийн хооронд хийгдсэн бөгөөд хэлцлийн үнэ нь мөн хуулийн 10.9-д заасан шалгуур үнэтэй ойролцоо биш бол.
10.8.Дараахь тохиолдолд худалдагч, худалдан авагчийг харилцан хамаарал бүхий этгээд гэж үзнэ:
10.8.1.нэг аж ахуйн нэгж, байгууллагад хамт ажилладаг бол;
10.8.2.нэг нь ажил олгогч, нөгөө нь ажилтан бол;
10.8.3.бие биенийхээ саналын эрхтэй хувьцааны 5 буюу түүнээс дээш хувийг шууд буюу шууд бус хэлбэрээр эзэмшдэг бол;
10.8.4.нэг нь нөгөөдөө шууд буюу шууд бус хэлбэрээр хяналт тавьдаг бол;
10.8.5.худалдагч, худалдан авагч аль аль нь гуравдагч нэг этгээдийн шууд буюу шууд бус хяналтад байгаа бол;
10.8.6.худалдагч, худалдан авагч аль аль нь гуравдагч нэг этгээдийг шууд буюу шууд бус байдлаар хянадаг бол;
10.8.7.нэг гэр бүлийн гишүүн, эсхүл төрөл, садангийн хүмүүс бол.
10.9.Энэ хуулийн 10.8-д заасан харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн худалдааны хэлцлийн үнэ нь импортлосон барааны шинж байдал, үйлдвэрлэлийн онцлог, гаалийн хилээр нэвтрүүлж байгаа улирал, үнийн зөрүү зэрэг үзүүлэлтээр дараахь шалгуур үнэтэй ойролцоо хэмжээнд тодорхойлогдсон байвал хэлцлийн үнийн аргыг хэрэглэнэ:
10.9.1.энэ хуулийн 10.8-д заасан этгээдийн импортлосон нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны худалдааны хэлцлийн үнэ нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн худалдааны хэлцлийн үнэтэй ойролцоо бол;
10.9.2.энэ хуулийн 10.8-д заасан этгээдийн импортлосон нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны худалдааны хэлцлийн үнийг хэлцлийн үнийн аргыг хэрэглэн тодорхойлохдоо урьд нь гаалийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн гаалийн үнийг мөрдлөг болгосон.
10.10.Энэ хуулийн 10.9-д дурдсан шалгуур үнэтэй харьцуулалт хийхдээ худалдааны түвшин, барааны тоо хэмжээ, энэ хуулийн 10.3, 10.4-т заасан зардлыг тооцно.