11 дугаар зүйл. Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга

11.1.Импортлож буй барааны гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар тодорхойлох боломжгүй бол гаалийн үнийг нь тодорхойлж буй бараатай нэгэн зэрэг, эсхүл энэ хуулийн 3.1.7-д заасан хугацаанд импортлосон нэг төрлийн барааны хэлцлийн үнээр тодорхойлно.

11.2."Нэг төрлийн бараа" гэдэгт үнийг нь тодорхойлж байгаа бараатай дараахь шинж тэмдгээр адил барааг ойлгоно:

11.2.1.физик шинж буюу хэмжээ хэлбэр, бэлтгэсэн болон үйлдвэрлэсэн арга, техникийн болон бусад шинж чанар;

11.2.2.чанар, барааны тэмдэг болон барааны нэр хүнд;

11.2.3.барааны гарал үүслийн улс;

11.2.4.үйлдвэрлэгч.

11.3.Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлоход худалдааны адил түвшинд, ойролцоо тоо хэмжээгээр импортлосон нэг төрлийн барааны хэлцлийн үнийг үндэслэнэ.

11.4.Хэрэв нэг төрлийн бараа нь энэ хуулийн 11.3-т зааснаас өөр тоо хэмжээтэй, эсхүл худалдааны өөр түвшинд импортлогдсон байвал мэдүүлэгч зөрүүг харгалзан үнийн зохих өөрчлөлт хийж, үндэслэлийг баримтаар нотолно.

11.5.Нэг төрлийн бараа гаалийн үнийг нь тодорхойлж байгаа бараанаас физик шинжээрээ ялимгүй ялгаатай байх нь нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг хэрэглэхээс татгалзах үндэслэл болохгүй.

11.6.Нэг төрлийн барааны хэлцлийн үнэ нь гаалийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн үнэ байх бөгөөд уг үнэд барааг тээвэрлэх зай, ашиглах тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарах залруулга, тодотгол хийж болох бөгөөд эдгээр залруулга, тодотгол нь үндэслэлтэй, үнэн зөв болохыг нотлох бичиг баримтаар баталгаажуулна.

11.7.Энэ хуулийн 11.6-д заасан хүлээн зөвшөөрөгдсөн үнэд залруулга, тодотгол хийх шаардлагатай боловч тэдгээрийг хийх боломжгүй, эсхүл залруулга, тодотголыг баталгаажуулах бичиг баримтгүй бол нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг хэрэглэхийг хориглоно.

11.8.Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлоход энэ хуулийн 10.3-т заасан зардлыг тооцно.

11.9.Нэг төрлийн барааны хэд хэдэн хэлцлийн үнийг үндэслэн гаалийн үнийг тодорхойлж болохоор байвал хамгийн бага үнийг нь сонгож хэрэглэнэ.

11.10.Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлоход дараахь барааны үнийг хэрэглэхийг хориглоно:

11.10.1.дотоодын хэрэглээнд зориулан оруулахаас бусад горимд байршуулсан бараа;

11.10.2.Засгийн газрын болон Засгийн газрын бус зээлийн шугамаар оруулсан бараа;

11.10.3.Засгийн газрын болон Засгийн газрын бус өр төлбөрийн шугамаар оруулсан бараа;

11.10.4.хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн бараа;

11.10.5.түрээсийн бараа;

11.10.6.гадаадын хөрөнгө оруулалтаар оруулсан бараа;

11.10.7.их засварын тоног төхөөрөмж;

11.10.8.олон улсын аялал жуулчлал, тэмцээн болон хуралд зориулсан бараа;

11.10.9.барааны сорьц, дээж, загвар;

11.10.10.үзэсгэлэнгийн бараа;

11.10.11.сурталчилгааны бараа.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.