12 дугаар зүйл. Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга

12.1.Импортын барааны гаалийн үнийг нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар тодорхойлох боломжгүй бол гаалийн үнийг нь тодорхойлж буй бараатай нэгэн зэрэг, эсхүл энэ хуулийн 3.1.7-д заасан хугацаанд импортлосон ижил төрлийн барааны хэлцлийн үнээр тодорхойлно.

12.2."Ижил төрлийн бараа" гэдэгт үнийг нь тодорхойлж байгаа бараатай бүх талаараа адил биш боловч үндсэн шинж байдал, бүрдэл хэсэг, зориулалтаараа ижил, арилжааны талаас аль алиныгаа орлож чадах барааг ойлгоно.

12.3.Ижил төрлийн барааг тодорхойлоход барааны чанар, тэмдэг, нэр хүнд, гарал үүслийн улсыг харгалзан үзнэ.

12.4.Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо худалдааны адил нөхцөлд байгаа, ойролцоо тоо хэмжээгээр импортлосон ижил төрлийн барааны хэлцлийн үнийг үндэслэнэ.

12.5.Ижил төрлийн бараа нь энэ хуулийн 12.4-т зааснаас өөр тоо хэмжээтэй, эсхүл худалдааны өөр нөхцөлд импортлогдсон байвал мэдүүлэгч нь зөрүүг харгалзан үнийн зохих өөрчлөлт хийж, үндэслэлийг баримтаар нотолно.

12.6.Ижил төрлийн импортын барааны хэлцлийн үнэ нь гаалийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн үнэ байх бөгөөд уг үнэд барааг тээвэрлэх зай, ашиглах тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарах залруулга, тодотгол хийж болох бөгөөд тэдгээр нь үндэслэлтэй, үнэн зөв болохыг нотлох бичиг баримтаар баталгаажуулна.

12.7.Энэ хуулийн 12.6-д заасан хүлээн зөвшөөрөгдсөн үнэд залруулга, тодотгол хийх шаардлагатай боловч тэдгээрийг хийх боломжгүй, эсхүл залруулга, тодотголыг баталгаажуулах бичиг баримтгүй бол ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг хэрэглэхийг хориглоно.

12.8.Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлоход энэ хуулийн 10.3-т заасан зардлыг тооцно.

12.9.Ижил төрлийн барааны хэд хэдэн хэлцлийн үнийг үндэслэж болохоор байвал хамгийн бага үнийг нь сонгон авч гаалийн үнийг тодорхойлно.

12.10.Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо энэ хуулийн 11.10-т заасан барааны үнийг хэрэглэхгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.