13 дугаар зүйл. Ялгаварт үнийн арга

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Ялгаварт үнийн арга

13.1.Гаалийн үнийг энэ хуулийн 10, 11, 12 дугаар зүйлд заасан гаалийн үнэлгээний аргаар тодорхойлох боломжгүй бол ялгаварт үнийн аргаар тодорхойлно.

13.2.Ялгаварт үнийн аргыг тухайн импортын барааг, эсхүл түүнтэй нэг төрлийн буюу ижил төрлийн барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулж, өөрчлөлт оруулахгүйгээр дотоодын зах зээлд борлуулсан тохиолдолд хэрэглэнэ.

13.3.Импортын барааны гаалийн үнийг ялгаварт үнийн аргаар тодорхойлохдоо тухайн барааг, түүнтэй нэг төрлийн эсхүл ижил төрлийн барааг энэ хуулийн 3.1.7-д заасан хугацаанд харилцан хамааралгүй этгээдэд хамгийн их тоо хэмжээгээр худалдан борлуулсан нэгжийн үнийг суурь болгон авч санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримтыг үндэслэн дараахь зардлыг хасна:

13.3.1.адил ангилал, бүлгийн барааг Монгол Улсад худалдан борлуулах үйл ажиллагаанд төлсөн, эсхүл төлбөл зохих зардал болон цэвэр ашиг, /суутгал/ комиссын зардал;

13.3.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан тээврийн болон даатгалын зардал;

13.3.3.Монгол Улсад төлсөн гаалийн болон бусад татвар.

13.4.Энэ хуулийн 13.3.1-д заасан "Адил ангилал, бүлгийн бараа" гэдэгт тодорхой нэг үйлдвэрийн газар, түүний салбарын хүрээнд үйлдвэрлэгдсэн бүлэг бараа хамаарна.

13.5.Ялгаварт үнийн аргаар гаалийн үнийг нь тодорхойлох бараа өөр өөр үнээр, ижил тоо хэмжээгээр борлогдсон бол хамгийн бага үнийг суурь болгон сонгоно.

13.6.Импортын барааны гаалийн үнийг тодорхойлоход түүнтэй нэг төрлийн, эсхүл ижил төрлийн, түүнчлэн өөрчлөлт оруулахгүйгээр дотоодод борлуулсан бараатай харьцуулах боломжгүй бол мэдүүлэгчийн хүсэлтээр боловсруулалт хийсэн нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны үнийг ашиглаж болно.

13.7.Боловсруулалтын явцад нэг төрлийн, эсхүл ижил төрлийн бараа нь өөрийн үндсэн шинж чанараа алдсан бол энэ хуулийн 13.6-д заасан үнийг хэрэглэхийг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.