18 дугаар зүйл. Зардлаас тооцох үнийн арга
18.1.Энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд зардлаас тооцох үнийн аргыг хэрэглэнэ.
18.2.Зардлаас тооцох үнийн аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо Монгол Улсын нутаг дэвсгэрт орших үйлдвэр, экспортлогч аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн бодит бичиг баримт, мэдээлэлд тулгуурлаж нэгж үнийг тодорхойлно.
18.3.Энэ хуулийн 18.1-д заасан аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо тухайн барааны нэгжид шууд болон шууд бус байдлаар шингэсэн дараахь зардал, үнийг нэмж тооцно:
18.3.1.үнийг нь тодорхойлж буй барааг үйлдвэрлэхтэй холбогдсон дараахь зардал:
18.3.1.1.үйлдвэрлэгчээс тухайн бараанд бүрэлдэхүүн хэсэг болгон хэрэглэсэн түүхий эд, үндсэн болон туслах материалын үнэ;
18.3.1.2.барааг үйлдвэрлэхтэй холбогдон гарах шууд болон шууд бус үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардал;
18.3.1.3.үйл ажиллагааны болон удирдлагын зардлын тухайн бараанд ногдох хэсэг;
18.3.1.4.цахилгаан, дулаан, уур ус, холбоо, түрээсийн зардлын тухайн бараанд ногдох хэсэг;
18.3.1.5.үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн элэгдлийн тухайн бараанд ногдох хэсэг;
18.3.1.6.тухайн бараанд ногдох татвар.
18.3.2.тухайн барааг Монгол Улсын хил хүртэл тээвэрлэх, ачих буулгах, хадгалах, шилжүүлэн ачих зардал, тэдгээртэй холбоотой даатгалын шимтгэл;
18.3.3.тухайн барааг үйлдвэрлэснээс болон экспортлосноос олсон ашиг.
18.4.Энэ хуулийн 18.3-т заасан зардал, үнэ, татвар, ашгийг давхардуулан тооцохгүй.
18.5.Энэ хуулийн 18.3-т заасан зардал, төлбөр, ашиг нь статистикийн болон татварын байгууллагад бүртгэгдсэн тухайн салбарын аж ахуйн нэгжийн дундаж үзүүлэлттэй ойролцоогүй, их зөрүүтэй бол зардлаас тооцох үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлохыг хориглоно.