29.1.Барааг үйлдвэрлэхэд хоёр, түүнээс дээш улс орон оролцсон тохиолдолд барааны гарал үүслийн улсыг түүнд үлэмж хэмжээний боловсруулалт хийсэн улсаар тодорхойлно.
29.2.Бараанд үлэмж хэмжээний боловсруулалт хийгдсэн болохыг дараахь шалгуураар тогтооно:
29.2.1.барааг боловсруулах, үйлдвэрлэх үйл ажиллагааны улмаас барааны ангиллын код нь Уялдуулсан системийн зүйлийн түвшинд өөрчлөгдсөн байвал;
29.2.2.барааны үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа нь тухайн улсыг барааны гарал үүслийн улсаар тооцоход хангалттай бол;
29.2.3.тухайн бараанд ашигласан материалын эсхүл нэмэгдсэн өртөг нь эцсийн бүтээгдэхүүний өртгийн 50 болон түүнээс дээш хувийг эзэлж байвал.
29.3.Бараанд үлэмж хэмжээний боловсруулалт хийгдсэн шалгуурт дараахь үйл ажиллагаа хамаарахгүй:
29.3.1.барааг хадгалах, тээвэрлэх явцад түүний бүрэн бүтэн байдлыг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа;
29.3.2.барааг худалдах, тээвэрлэхэд бэлтгэх үйл ажиллагаа;
29.3.3.энгийн угсрах үйл ажиллагаа;
29.3.4.өөр өөр улсаас гарал үүсэлтэй барааг хооронд нь холих үйл ажиллагаа.
29.4.Энэ хуулийн 29.3.4-т заасан тохиолдолд эцсийн бүтээгдэхүүний шинж чанар нь хольж байгаа бараа бүрийн шинж чанартай адил байна.