30 дугаар зүйл. Барааны гарал үүслийн улсыг тодорхойлох онцлог тохиолдол

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Барааны гарал үүслийн улсыг тодорхойлох онцлог тохиолдол

30.1.Үйлдвэрлэл, тээвэрлэлтийн нөхцөлийн улмаас нэг ачилтаар илгээх боломжгүйгээс хэд хэдэн ачилтаар илгээгдсэн, эсхүл угсраагүй буюу задалж салгасан бараа, түүнчлэн тээвэрлэлтийн алдаанаас хэд хэдэн ачилтаар салангид ирсэн барааг гарал үүслийн хувьд нэг бараа гэж үзнэ.

30.2.Дараахь нөхцөлийг хангасан бол барааг гарал үүслийн хувьд нэг бараа гэж тооцно:

30.2.1.барааг угсраагүй, эсхүл задалж салган хэд хэдэн ачилтаар илгээх болсон шалтгааныг зааж, барааны ангиллын код, үнэ, гарал үүслийн улсыг ачилт тус бүрээр заасан жагсаалтыг гарган гаалийн байгууллагад урьдчилан мэдэгдсэн байх, эсхүл алдааны улмаас барааг салгаж тээвэрлэснийг батлах бичиг баримтыг гаргаж өгсөн байх;

30.2.2.ачилт бүрт хамрагдах барааг нэг улсаас, нэг илгээгчээс нийлүүлсэн байх;

30.2.3.ачилт бүрт хамрагдах барааг гаалийн нэг байгууллагад мэдүүлсэн байх;

30.2.4.ачилт бүрт хамрагдах барааг гаалийн байгууллага гаалийн мэдүүлгийг хүлээн авсанаас хойш 3 сарын дотор гаалийн нутаг дэвсгэрт оруулсан байх.

30.3.Мэдүүлэгчийн хүсэлтээр энэ хуулийн 30.2.4.-т заасан хугацааг нэг хүртэл сараар 1 удаа сунгаж болно.

30.4.Машин, тоног төхөөрөмж, аппарат, тээврийн хэрэгслийг тэдгээрийг ашиглахад шаардагдах сэлбэг, эд анги, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хамт нийлүүлсэн тохиолдолд тэдгээрийн гарал үүслийн улс нь ижил байна.

30.5.Гаалийн нутаг дэвсгэрт оруулж байгаа барааны сав, баглаа боодол нь түүнийг тусад нь мэдүүлснээс бусад тохиолдолд тухайн бараатай ижил гарал үүсэлтэй байна.

30.6.Барааны гарал үүслийг тодорхойлоход түүний үйлдвэрлэл, боловсруулалтад ашигласан цахилгаан эрчим хүч, машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн гарал үүслийн улсыг тооцохгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.