3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."гаалийн тариф" гэж гаалийн татварын хувь, хэмжээг;
3.1.2."гаалийн татвар" гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн тарифын дагуу ногдуулах, хураах, төлөх албан татварыг;
3.1.3."бусад татвар" гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд бусад хуулийн дагуу ногдуулах, хураах, төлөх албан татварыг;
3.1.4."гаалийн үнэ" гэж гаалийн татвар ногдуулах, гаалийн статистикийн мэдээлэл гаргах зорилгоор энэ хуулийн дагуу тодорхойлох үнийг;
3.1.5."барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем" /цаашид "Уялдуулсан систем" гэх/ гэж зүйл, мөр, үндэсний код болон тэдгээрийн тоон код, мөн хэсэг, бүлэг, мөр, үндэсний кодын тайлбар бүхий жагсаалт, уялдуулсан системийн тайлбар дүрмийг;
3.1.6."татвар төлөгч" гэж Монгол Улсын гаалийн хилээр бараа нэвтрүүлэхээр мэдүүлсэн этгээдийг;
3.1.7."ойролцоо хугацаа" гэж үнэлж буй импортын барааны гаалийн үнийг гаалийн байгууллагад мэдүүлсэн өдрөөс өмнөх 90 хоногийг;
3.1.8."гаалийн болон бусад татвар ногдуулах" гэж энэ хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу албан татвар тооцохыг;
3.1.9."гаалийн болон бусад татвар хураах" гэж энэ хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу ногдуулсан албан татварыг гаалийн байгууллага улсын төсөвт төвлөрүүлэхийг;
3.1.10."гаалийн болон бусад татвар төлөх" гэж энэ хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу ногдуулсан албан татварыг татвар төлөгч холбогдох татварын дансанд шилжүүлэхийг;
3.1.11."хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн бараа" гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.11-д заасан барааг.
3.2.Энэ хуульд хэрэглэсэн гаалийн үйл ажиллагаатай холбоотой бусад нэр томъёог Гаалийн тухай хуульд тайлбарласан утгаар ойлгоно.
Гаалийн тарифын тогтолцоо, гаалийн татвар тогтоох хэлбэр, гаалийн тарифын зөвлөл