4 дугаар зүйл. Гаалийн тарифын тогтолцоо, тарифыг тогтоох, өөрчлөх

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Гаалийн тарифын тогтолцоо, тарифыг тогтоох, өөрчлөх

4.1.Монгол Улсад экспортын болон импортын барааны гаалийн тарифыг хэрэглэх бөгөөд гаалийн тарифыг тогтоохдоо барааны код, нэр төрлийг Уялдуулсан системийн дагуу заана.

4.2.Импортын барааны гаалийн тарифыг ердийн, нэн тааламжтай, хөнгөлөлттэй тариф гэж ангилах бөгөөд ердийн тариф нэн тааламжтай тарифаас хоёр дахин их байна. Хөнгөлөлттэй тарифыг олон улсын гэрээгээр тогтооно.

/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.3.Экспортын барааны гаалийн тариф болон импортын барааны нэн тааламжтай тарифыг Улсын Их Хурал тогтооно.

4.4.Дор дурдсан гадаад улсаас гарал үүсэлтэй бараанд нэн тааламжтай тариф хэрэглэнэ:

4.4.1.Монгол Улсын нэгдэн орсон тариф, худалдааны талаархи олон талт гэрээний гишүүн улс;

4.4.2.энэ хуулийн 4.4.1-д зааснаас бусад олон улсын гэрээний дагуу тохиролцсон улс;

/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.4.3.нэн тааламжтай тариф хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн бусад улс.

4.5.Нэн тааламжтай болон хөнгөлөлттэй тариф хэрэглэх улсын жагсаалтыг Засгийн газар батлах бөгөөд уг жагсаалтад хамаарах улсын гарал үүсэлтэй бараа нь гарал үүслийг нотлох баримт бичигтэй байна.

/Энэ хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.6.Энэ хуулийн 4.5-д заасан жагсаалтад ороогүй улсын гарал үүсэлтэй бараанд ердийн тариф хэрэглэнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.7.Энэ хуулийн 4.5-д заасан барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахыг гаалийн байгууллага зөвшөөрсөн өдрөөс хойш уг барааны гарал үүслийг нотлох баримт бичгийг 45 хоногийн дотор нөхөн гаргаж өгсөн бол хөнгөлөлттэй тариф хэрэглэх бөгөөд энэ тохиолдолд илүү төлсөн татварыг гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжид заасны дагуу буцаан олгоно.

/Энэ хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.8.Гаалийн тарифыг түр хугацаагаар тогтоож болох бөгөөд ийнхүү түр хугацаагаар тогтоосон тарифыг мөрдөх хугацаа жилд 6 сараас хэтрэхээргүй байна.

4.9.Гаалийн тарифыг хилийн боомтоор тогтоож болно.

4.10.Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу импортын бараанд гаалийн хөнгөлөлттэй тариф хэрэглэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.11.Хөнгөлөлттэй тариф хэрэглэх улсын жагсаалтад орсон боловч энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7.2, 31.7.3-т заасан нотлох баримт бичиггүй бараанд энэ хуулийн 31.7.1-д заасныг үндэслэн нэн тааламжтай тариф хэрэглэнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.