39 дугаар зүйл. Гаалийн болон бусад татвар төлөх
39.1.Гаалийн болон бусад татварыг татвар төлөгч төлнө.
39.2.Гаалийн болон бусад татвар төлөх баталгааг банк гаргасан бол тэдгээр татварыг төлөх баталгааны хугацаа дуусмагц татвар төлөх үүргийг банк хүлээнэ.
39.3.Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг хугацаанд нь буцаан гаргаагүй бол түүнийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах үед ногдуулсан гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлнэ.
39.4.Татвар төлөгч нь гаалийн болон бусад татвар төлөх зорилгоор гаалийн байгууллагын дансанд урьдчилгаа төлбөр хийж болох бөгөөд уг урьдчилгаа төлбөрт хүү тооцохгүй.
39.5.Дараахь нөхцөлийн аль нэгийг хангасан тохиолдолд гаалийн мэдүүлэг хүчин төгөлдөр болно:
39.5.1.гаалийн болон бусад татварыг төлсөн;
39.5.2.гаалийн болон бусад татвар төлөх хугацааг сунгах, эсхүл хэсэгчлэн төлүүлэх шийдвэр гарсан;
39.5.3.энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасан аль нэг хэлбэрээр гаалийн болон бусад татвар төлөх баталгаа гаргасан.
39.6.Дараахь тохиолдолд гаалийн болон бусад татвар төлсөнд тооцно:
39.6.1.ногдуулсан татварын мөнгөн дүнг банкнаас гаалийн байгууллагын, эсхүл улсын төсвийн дансанд шилжүүлсэн;
39.6.2.гаалийн байгууллагад бэлэн мөнгө тушаасан;
39.6.3.гаалийн байгууллагын дансанд хийсэн урьдчилгаа төлбөрөөс ногдуулсан татварын хэмжээгээр суутгал хийсэн.
39.7.Гаалийн болон бусад татварыг төлөх баталгааг энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар гаргасан, эсхүл энэ хуулийн 40.1-д заасны дагуу Засгийн газрын шийдвэр гарсан бол гаалийн байгууллага татвар төлсөнтэй адилтган тооцож мэдүүлэг хүчин төгөлдөр болно.
39.8.Гаалийн байгууллага нь гаалийн болон бусад татвар төлснийг нотлох баримт болох гаалийн хүчин төгөлдөр мэдүүлгийн хувийг татвар төлөгчид олгоно.