137 дугаар зүйл. Гаалийн баталгаат бүсийн горимын зарчим
137.1.Гаалийн баталгаат бүсийн горимд байршуулах бараанд уг горимын дагуу шаардагдах бичиг баримтыг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийнэ.
137.2.Барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд гаалийн баталгаат бүсийн горимд байршуулах, тэндээс мөн гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр шууд хилийн чанадад гаргах тохиолдолд гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийх бөгөөд гаалийн болон бусад татвар төлөх баталгаа шаардахгүй.
137.3.Гаалийн баталгаат бүсэд оруулах, тэндээс гаргах бараанд гаалийн бүрдүүлэлт хийхдээ ийнхүү оруулах, эсхүл гаргах өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гаалийн хууль тогтоомж, валютын ханш, гаалийн тарифыг баримтална.
137.4.Гаалийн баталгаат бүсийн горимд байршуулахаар хилийн чанадаас оруулах гадаадын бараанд гаалийн болон бусад татвар ногдуулахгүй бөгөөд харин гаалийн нутаг дэвсгэрээс гаалийн баталгаат бүсийн горимд оруулах монголын бараанд экспортын барааны болон бусад татвар ногдуулан хураан авч, улсын төсөвт төвлөрүүлнэ.
137.5.Чөлөөт эргэлтэд байгаа гадаадын барааг гаалийн баталгаат бүсийн горимд байршуулахад урьд нь төлсөн импортын гаалийн татварыг буцаан олгохгүй.
137.6.Гаалийн баталгаат бүсэд байршуулах бараа Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй.
137.7.Барааг хилийн чанадаас гаалийн баталгаат бүсэд оруулах, тэндээс хилийн чанадад буцаан гаргахад нийгмийн аюулгүй байдал, ёс суртахуун, эрүүл ахуй, эрүүл мэнд, хорио цээр, худалдааны тэмдэгт, оюуны өмчийн эрхтэй холбогдуулснаас бусад үндэслэлээр хязгаарлал тогтоохыг хориглоно.