246 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийг шалгах
246.1.Гаалийн байгууллага, албан тушаалтан нь барааны гаалийн мэдүүлгийг хүлээн авсны дараа түүний үнэн зөвийг тогтоох зорилгоор бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийнэ.
246.2.Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны шинж байдлыг тогтоох, эсхүл гаалийн хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээллийг нягтлан шалгах зорилгоор гаалийн байгууллага, албан тушаалтан нь гаалийн мэдүүлгийг хүлээн авахаас өмнө энэ хуулийн 246.1-д заасан шалгалт хийж болно.
246.3.Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана.
246.4.Бараа, тээврийн хэрэгслийг шалгахад мэдүүлэгчийг байлцуулах бөгөөд мэдүүлэгч нь шалгалтад биечлэн байлцах боломжгүй тохиолдолд тээвэрлэгчийг оролцуулж болно.
246.5.Гаалийн байгууллага, албан тушаалтан нь дараахь барааг мэдүүлэгчийг байлцуулахгүйгээр шалгаж болно:
246.5.1.нийтийн аюулгүй байдал, хүн ам, ургамал, амьтан, хүрээлэн буй орчинд аюул учруулж болохуйц тэсэрч дэлбэрэх, түргэн шатах бараа, цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, түүх, соёлын үнэт зүйлс;
246.5.2.улс хоорондын шуудангийн илгээмж;
246.5.3.гаалийн хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээллийн дагуу нягтлан шалгах бараа.
246.6.Гаалийн байгууллага нь энэ хуулийн 246.5-д заасны дагуу бараанд шалгалт хийсэн тохиолдолд хөндлөнгийн гэрчийг байлцуулж шалгасан тухай акт үйлдэнэ.
246.7.Гаалийн шалгалтыг дахин хийж болно.
246.8.Гаалийн шалгалтыг гаалийн хяналтын бүсэд хийх боломжгүй бол гаалийн байгууллагын зөвшөөрлөөр шалгалт хийх нөхцөлөөр хангагдсан албаны болон ахуйн байранд мэдүүлэгчийн зардлаар хийж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн албаны болон ахуйн байр нь гаалийн хяналтын бүсийн үүргийг түр гүйцэтгэнэ.
246.9.Гаалийн байгууллага нь тогтоосон цагийн хуваарьтай улс хоорондын зорчигч болон бараа тээврийн хэрэгсэлд хийх шалгалтыг хуваарьт цагт нь багтаан дуусгах бөгөөд зайлшгүй гэж үзвэл гаалийн байгууллагын даргын шийдвэрээр уг хугацааг сунгаж болно.