247 дугаар зүйл. Хүний биед үзлэг хийх

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

247 дугаар зүйл. Хүний биед үзлэг хийх

247.1.Гаалийн зөрчил илэрсэн, эсхүл барааг биедээ нуусан гэх хангалттай үндэслэл, сэжиг байгаа бол гаалийн албан тушаалтан дор дурдсан журмыг баримтлан хүний биед үзлэг хийнэ:

247.1.1.үзлэг хийх тухай гаалийн байгууллагын удирдах албан тушаалтанд мэдэгдэх;

247.1.2.үзлэг хийхийн өмнө энэ тухайгаа уг этгээдэд мэдэгдэж, эрх, үүргийг нь тайлбарлах, биедээ нуусан барааг сайн дураар гаргаж өгөхийг сануулах;

247.1.3.эрүүл ахуйн шаардлага хангасан, гадны хүн орох болон үзлэгийн явцыг гаднаас харах боломжгүй өрөөнд үзлэг хийх;

247.1.4.үзлэг хийх гаалийн албан тушаалтан нь шалгуулж байгаа хүнтэй ижил хүйсийнх байх, ийм хүйсийн хүн байхгүй бол хүний эмч урьж үзлэгт оролцуулах;

247.1.5.үзлэг хийх үед шалгуулж байгаа хүнтэй ижил хүйсийн хөндлөнгийн гэрчийг байлцуулах;

247.1.6.насанд хүрээгүй, эсхүл эрх зүйн чадамжгүй хүний биед үзлэг хийх бол тэдний хууль ёсны төлөөлөгч, эсхүл дагалдан яваа хүнийг нь байлцуулах.

247.2.Энэ хуулийн 247.1-д заасны дагуу шалгуулж байгаа хүн нь дор дурдсан эрх эдэлнэ:

247.2.1.өөрийн эрх, үүрэгтэй танилцах;

247.2.2.тайлбар өгөх, хүсэлт гаргах;

247.2.3.биед үзлэг хийсэн тухай тэмдэглэлтэй танилцах;

247.2.4.өөрийн төрөлх хэлээр ярих, шаардлагатай тохиолдолд орчуулагч байлцуулах;

247.2.5.биед нь үзлэг хийх явцад өөрийнх нь хууль ёсны эрхийг зөрчсөн гэж үзвэл энэ хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу гомдол гаргах.

247.3.Үзлэг хийлгэж байгаа хүн гаалийн албан тушаалтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

247.4.Гаалийн албан тушаалтан нь хүний биед үзлэг хийхдээ тухайн этгээдийн нэр төр, алдар хүндийг гутаах, хүний эрүүл мэндэд аюултай арга хэрэглэхийг хориглоно.

247.5.Гаалийн албан тушаалтан хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл хөтөлж, түүнд үзлэг хийлгэсэн этгээд болон оролцсон албан тушаалтан, хөндлөнгийн гэрч, бусад этгээдээр гарын үсэг зуруулна.

247.6.Хүний биед үзлэг хийх ажиллагаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үзлэг хийх журмыг баримтална.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.