248 дугаар зүйл. Байр, агуулах, талбайг шалгах
248.1.Гаалийн байгууллага, албан тушаалтан нь дараахь бараа байрших байр, агуулах, талбайд шалгалт хийнэ:
248.1.1.гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан бараа;
248.1.2.гаалийн байгууллагын зөвшөөрлөөр мэдүүлэгчид хадгалуулсан бараа;
248.1.3.түр агуулах, гаалийн баталгаат бүсэд байгаа бараа.
248.2.Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгсэл алдагдсан,эсхүл гаалийн хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээлэл байгаа бол байр, агуулах, талбайд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаалийн байгууллага, албан тушаалтан шалгалт хийнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
248.3.Энэ хуулийн 248.1-д зааснаас бусад газар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бараа байгаа гэх хангалттай үндэслэл, сэжиг байгаа бол гаалийн байгууллага уг бараа хадгалагдаж буй байр, агуулах, талбайд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалгалт хийж болох бөгөөд энэ нөхцөлд барааны тусгай тэмдгийг шалгана.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
248.4.Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийг хадгалж байгаа байр, агуулах, талбайн эзэмшигч нь шалгалт хийлгэхээс татгалзсан тохиолдолд гаалийн байгууллага хөндлөнгийн гэрчийг байлцуулан тэдгээрт нэвтрэн орж шалгалт хийх бөгөөд энэ тухай прокурорын байгууллагад холбогдох хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ.