249 дугаар зүйл. Гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалт

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

249 дугаар зүйл. Гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалт

249.1.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хяналтаас гаргах зөвшөөрөл олгосны дараа гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад өгөгдсөн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгах, мэдүүлэгчийн экспорт, импортын үйл ажиллагаанд гаалийн зорилгоор гаалийн байгууллага бүрдүүлэлтийн дараахь шалгалтыг явуулна.

249.2.Гаалийн байгууллага, албан тушаалтан бүрдүүлэлтийн дараахь шалгалтыг хийхдээ дор дурдсан эрх эдэлнэ:

249.2.1.мэдүүлэгчээс гааль, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн болон бусад шаардлагатай бичиг баримтыг гаргуулан авах, мэдээллийн санд нь нэвтрэх;

249.2.2.шалгалттай холбоотой бичиг баримтыг нягтлан шалгах, хуулбарлан авах, баталгаажуулах, холбогдох тайлбар, тодруулга, лавлагааг гаргуулан авах;

249.2.3.бараа хүлээн авагч, эзэмшигч, өмчлөгч, тэдгээртэй харилцан хамааралтай этгээдийн байр, агуулах, талбайд нэвтрэн орох, шалгалт хийх, шаардлагатай гэж үзвэл битүүмжлэх;

249.2.4.бараа, тээврийн хэрэгслийг мэдүүлэгч, хүлээн авагч, эзэмшигч, өмчлөгч, тэдгээртэй харилцан хамаарал бүхий этгээд нь байр, агуулах, талбайдаа оруулахгүй байх, бусад хэлбэрээр шалгалт хийлгэхээс татгалзах тохиолдолд хөндлөнгийн 2-оос доошгүй гэрч байлцуулан тэдгээрт нэвтрэн орж шалгалт хийх;

249.2.5.хуульд заасан бусад эрх.

249.3.Бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийсэн гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоох бөгөөд энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж болно.

249.4.Гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.