252 дугаар зүйл. Гаалийн хяналт хийхэд шинжээч томилох
252.1.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ.
252.2.Магадлан шинжилгээг гаалийн лаборатори, гаалийн байгууллагаас томилсон байгууллага, эсхүл шинжээч хийнэ.
252.3.Магадлан шинжилгээ хийх, шинжээч томилох тухай гаалийн байгууллагын шийдвэрийг өмчийн аль ч хэлбэрийн байгууллага хүлээн авч хэрэгжүүлнэ.
252.4.Магадлан шинжилгээг мэргэжлийн хувийн өмчийн болон төрийн бус байгууллага, эсхүл бие даасан шинжээчээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд магадлан шинжилгээний төлбөрийг мэдүүлэгч хариуцна.
252.5.Магадлан шинжилгээ хийлгэх тухай гаалийн байгууллагын даргын тогтоолд магадлан шинжилгээ хийх үндэслэл, зорилго, хугацаа болон шинжээчийн овог, нэр, эсхүл байгууллагын нэр, шинжээчийн өмнө тавигдах асуулт, шинжээчид шилжүүлсэн материал, бичиг баримтын жагсаалт, дүгнэлт, буруу дүгнэлт гаргасан тохиолдолд шинжээчид хүлээлгэх хариуцлагын талаарх анхааруулга зэргийг тусгана.
252.6.Магадлан шинжилгээг дараахь хугацаанд хийнэ:
252.6.1.барааг магадлан шинжилгээний дүгнэлтийн дараа мэдүүлэгчийн сонгосон горимд байршуулах тохиолдолд түр агуулахад байх хугацаанд;
252.6.2.тээврийн хэрэгсэлд магадлан шинжилгээ хийх тохиолдолд 1 сар хүртэлх хугацаанд;
252.6.3.бусад тохиолдолд 3 сар хүртэлх хугацаанд.
252.7.Гаалийн байгууллагын удирдах албан тушаалтан бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад магадлан шинжилгээ хийх болсон тухай шийдвэр гаргаж, түүнийг мэдүүлэгчид танилцуулна.
252.8.Магадлан шинжилгээ хийх, шинжээч томилох, дүгнэлт гаргах журам, шинжээчид тавигдах шаардлагыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.