255 дугаар зүйл. Шинжээчийн эрх, үүрэг
255.1.Шинжээч дараахь эрх эдэлнэ:
255.1.1.магадлан шинжилгээ хийх бичиг баримт, бараа, тээврийн хэрэгсэлтэй танилцах;
255.1.2.магадлан шинжилгээнд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр бусад шинжээчийг оролцуулах;
255.1.3.магадлан шинжилгээ хийхэд зайлшгүй шаардлагатай материал, нэмэлт мэдээлэл, бичиг баримт гаргуулан авах;
255.1.4.магадлан шинжилгээ хийхээс татгалзах;
255.1.5.гаалийн байгууллагын зөвшөөрлөөр гаалийн хяналтыг хэрэгжүүлэх тодорхой ажиллагаанд оролцох.
255.2.Шинжээч энэ хуулийн 255.1.4-т зааснаар магадлан шинжилгээ хийхээс татгалзсан бол энэ тухай гаалийн байгууллагад бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр гаргана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
255.3.Шинжээч магадлан шинжилгээ хийх болон шинжээчийн дүгнэлттэй холбоотой мэдээллийн нууцыг хадгалах, оролцож буй тухайн гаалийн үйл ажиллагаа өөрийн нь гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, эсхүл өөрийн нь өмчтэй холбоотой бол уг үйл ажиллагаанаас татгалзан гарах үүрэгтэй.