257 дугаар зүйл. Гаалийн хяналтад мэргэжилтнийг оролцуулах
257.1.Гаалийн хяналтыг хэрэгжүүлэхэд техник хэрэгсэл, мэргэжлийн мэдлэг, ур чадвар ашиглах шаардлага гарвал гаалийн байгууллага холбогдох мэргэжилтэнг гэрээний үндсэн дээр гаалийн үйл ажиллагаанд оролцуулж болно.
257.2.Энэ хуулийн 257.1-д заасан мэргэжилтэн дараахь эрх эдэлнэ:
257.2.1.өөрийн хэрэгжүүлэх үйл ажиллагаанд холбогдох материалтай танилцах;
257.2.2.гаалийн байгууллагын албан тушаалтны зөвшөөрлөөр тухайн үйл ажиллагаанд хамаарах асуулт тавих;
257.2.3.өөрийн оролцсон үйл ажиллагааны үр дүн, холбогдох бичиг баримттай танилцах, тайлбар хийх.
257.3.Энэ хуулийн 257.1-д заасан мэргэжилтэн дараахь үүрэг хүлээнэ:
257.3.1.гэрээнд заасан үүргээ биелүүлэх;
257.3.2.гаалийн хяналтын тодорхой үйл ажиллагаанд оролцсон болохыг гарын үсгээр баталгаажуулах, уг ажиллагааны явцад олж мэдсэн мэдээллийн нууцыг задруулахгүй байх;
257.3.3.оролцож буй тухайн гаалийн үйл ажиллагаа нь өөрийн нь гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, эсхүл өөрийн нь өмчтэй холбоотой бол уг үйл ажиллагаанаас татгалзан гарах үүрэгтэй.
257.4.Гаалийн байгууллагын санаачилгаар гаалийн хяналтад оролцсон мэргэжилтний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.