274 дугаар зүйл. Гаалийн улсын байцаагчийн эрх, үүрэг
274.1.Гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухайхуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг эрхээс гадна дараахь эрх эдэлнэ:
274.1.1.энэ хуульд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, бүрдүүлэлт хийх;
274.1.2.гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавьж биелэлтийг хангуулах;
274.1.3.гаалийн бүрдүүлэлттэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагын байр, агуулахад нэвтрэн орж үзлэг тооллого хийх, тэдгээрийн данс, бүртгэлийг шалгах;
274.1.4.гаалийн хяналт, шалгалтад ач холбогдол бүхий бичиг баримт, тайлбар, лавлагааг холбогдох этгээдээс гаргуулан авах;
274.1.5. гаалийн болон бусад татвар ногдох барааг нуусныг гэрчлэх баримт, материалыг татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр хугацаагаар хураах, эсхүл хуулбарлуулан авах;
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
274.1.6.албан үүргээ гүйцэтгэх үед улсын хилийн хориотой зурваст нэвтрэх;
274.1.7.гаалийн хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх.
274.2.Гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ:
274.2.1. өргөсөн тангарагтаа үнэнч, гаалийн хяналт, шалгалтыг хийхдээ сонор сэрэмжтэй байж, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний хувийн мэдээллийг чанд хадгалж, хувь хүний нэр хүндийг гутаахгүй байх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
274.2.2.гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх;
274.2.3.гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-ийн талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлэх;
274.2.4.мэргэшлийн сургалтад хамрагдах;
274.2.5.гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах.
274.3.Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно.
274.4.Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.