29 дугаар зүйл. Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт

29.1.Гаалийн хилээр нэвтрүүлэх дор дурдсан бараанд гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлтийг хийж болно:

29.1.1.гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас бий болсон хохирлыг арилгах зориулалтын бараа;

29.1.2.цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис;

29.1.3.мал, амьтан;

29.1.4.улс хоорондын шуудангийн илгээмж;

29.1.5.сонин, тогтмол хэвлэл, мэдээллийн болон эрдэм шинжилгээ, судалгааны материал;

29.1.6.амархан муудах, гэмтэх магадлал бүхий хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа;

29.1.7.донорын эд эрхтэн, цус, цусан бүтээгдэхүүн;

29.1.8.хуульд заасан бусад бараа.

29.2.Энэ хуулийн 29.1-д заасан бараанд гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг гаалийн байгууллагаас тогтоосон хугацаанд бүрдүүлж өгөх болзолтойгоор дараалал харгалзахгүй гаалийн бүрдүүлэлт хийнэ.

29.3.Энэ хуулийн 29.1-д заасан барааг мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг гаалийн байгууллагаас тогтоосон хугацаанд гаргаж өгөх баталгааг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

29.4.Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлтийг дараахь тохиолдолд хийхийг хориглоно:

29.4.1.гаалийн бичиг баримт зөрчилтэй;

29.4.2.мэдүүлсэн барааны тоо, хэмжээ зөрүүтэй, эсхүл үнийн дүн нь зөрчилтэй;

29.4.3.мэдүүлэгч нь гаалийн хууль тогтоомжийн зөрчил удаа дараа /2 буюу түүнээс дээш/ гаргаж байсан;

29.4.4.энэ хуулийн 29.3-т заасан баталгааг гаргаж өгөөгүй;

29.4.5.гаалийн болон бусад татвар, хураамж төлөөгүй, эсхүл төлөх баталгааг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дагуу гаргаагүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.