3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."бараа" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг;

3.1.2."монголын бараа" гэж энэ хуулийн 99.1-д заасан горимын дагуу боловсруулалт хийснээс бусад Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, эсхүл Монгол Улсын нутаг дэвсгэр дээр чөлөөт эргэлтэд байгаа гадаадын барааг;

3.1.3."гадаадын бараа" гэж энэ хуулийн 3.1.2-т зааснаас бусад барааг;

3.1.4."чөлөөт эргэлтэд байгаа бараа" гэж гаалийн хууль тогтоомжоор тогтоосон хязгаарлалтгүйгээр Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт захиран зарцуулах барааг;

3.1.5."тээврийн хэрэгсэл" гэж бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэж гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүний дотор чингэлэг, ердийн хөсөг, тухайн аяллын хугацаанд тээврийн хэрэгсэлд шаардагдах шатахуун, тосолгооны материал, сэлбэгийг;

3.1.6."тээвэрлэгч" гэж гаалийн хилээр бараа, зорчигч нэвтрүүлэх, эсхүл гаалийн нутаг дэвсгэрт гаалийн хяналт дор тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээдийг;

3.1.7."гаалийн мэдүүлэг" гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг;

3.1.8."мэдүүлэгч" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг;

3.1.9."гаалийн хилээр нэвтрүүлэх" гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргахыг;

3.1.10."гаалийн зам" гэж гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийг Монгол Улсын хил, хилийн гаалийн байгууллагын, эсхүл гаалийн нэг байгууллагаас гаалийн нөгөө байгууллагын хооронд тээвэрлэхээр гаалийн удирдах төв байгууллагаас тусгайлан тогтоосон замыг;

3.1.11."гаалийн хяналт" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлж, биелэлтийг нь хангуулах зорилгоор гаалийн байгууллагаас хэрэгжүүлэх цогц арга хэмжээг;

3.1.12."гаалийн бүрдүүлэлт" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг;

3.1.13."гаалийн бүрдүүлэлтийн горим" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаар тогтоосон хэм хэмжээ, нөхцөл, шаардлагыг;

3.1.14."тарифын бус хязгаарлалт" гэж Монгол Улсын хилээр бараа нэвтрүүлэхийг хориглох, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тоон хязгаарлалт тогтоох болон бусад арга хэмжээг;

3.1.15."хилийн гаалийн байгууллага" гэж хилийн боомт болон олон улсын нисэх онгоцны буудалд ажилладаг гаалийн байгууллагыг;

3.1.16."гүний гаалийн байгууллага" гэж энэ хуулийн 3.1.15-д зааснаас бусад гаалийн байгууллагыг;

3.1.17."гаалийн баталгаат бүс" гэж гаалийн баталгаат агуулах, үйлдвэрийн болон үзэсгэлэнгийн газар, барилгын талбай, гаалийн тусгай бүс, татваргүй барааны дэлгүүрийг;

3.1.18."гаалийн хяналтын бүс" гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбайг;

3.1.19."гаалийн харилцаанд оролцогч" гэж гаалийн байгууллага болон мэдүүлэгч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч, гаалийн түр агуулахын болон баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч, банк, даатгалын байгууллагыг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.