55 дугаар зүйл. Барааг гаалийн байгууллагад мэдүүлэх
55.1.Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ.
55.2.Гаалийн хилээр нэвтрүүлэх барааг дараахь хэлбэрээр мэдүүлж болно:
55.2.1.бичгээр;
55.2.2.цахим хэлбэрээр; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
55.2.3.зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийнхээ, мэдүүлэгч улс хоорондын шуудан илгээлтийн тухай тус тус амаар;
55.2.4.зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр.
55.3.Мэдүүлэгч энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ.
55.4.Гаалийн мэдүүлгийг мэдээллийн сүлжээгээр нөхөн бичиж хүргүүлж болно.
55.5.Гаалийн мэдүүлгийн маягтын загвар, түүнийг нөхөн бичих, шалгах зааврыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
55.6.Гаалийн мэдүүлгийн маягт олон улсын стандарт бүхий загварт нийцсэн байна.
55.7.Гаалийн мэдүүлэгт бичигдэх мэдээлэл нь гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, статистикийн мэдээлэл гаргах, гаалийн болон бусад татвар ногдуулахад шаардлагатай мэдээллээр хязгаарлагдана.
55.8.Гаалийн мэдүүлгийг монгол хэлээр үйлдэнэ.
55.9.Улсын хилээр нэвтрэх зорчигч болон тээврийн хэрэгслийн багийн гишүүний хувийн хэрэглээний эд зүйл болон бусад барааг зорчигчийн гаалийн мэдүүлгээр мэдүүлнэ.