8 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглох, хязгаарлах

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглох, хязгаарлах

8.1.Хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурал улсын хилээр оруулах, гаргахыг хориглох барааны, Засгийн газар тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтыг тухайн барааны ангиллын кодыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу зааж тус тус батална.

8.2.Улсын хилээр оруулахыг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахгүй.

8.3.Энэ хуулийн 8.2-т заасан барааг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулсан бол нэн даруй буцаан гаргах ба ийнхүү гаргах боломжгүй бол гаалийн хяналтын бүс, эсхүл түр агуулахад 3 хүртэл хоног хадгалах бөгөөд энэ хугацаанд иргэн, хуулийн этгээд бараагаа буцаан гаргаагүй бол гаалийн байгууллага бараа устгах горимын дагуу арга хэмжээг авна.

8.4.Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалттай барааг хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн хилээр нэвтрүүлнэ.

8.5.Улсын хилээр гаргахыг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрээс гаргахгүй.

8.6.Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхгүй.

8.7.Гаалийн удирдах төв байгууллага бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хилийн боомт, гаалийн байгууллагын байршил, тэдгээрийн ажиллах цагийн хуваарийг болон гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан барааны тухай нийтэд мэдээлнэ.

8.8.Энэ хуулийн 8.3-т заасан үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг тухайн иргэн, хуулийн этгээд хариуцна.

8.9.Гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан үйлдэл нь энэ хуулийн 8.3-т хамаарахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.