11 дугаар зүйл. Монгол Улсын виз
11.1.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад нэвтрэх гадаадын иргэн Монгол Улсын виз (цаашид "виз" гэх)-ийг зохих журмын дагуу авсан байна.
11.2.Визийг хүчин төгөлдөр паспорт буюу паспортыг орлох баримт бичигтэй гадаадын иргэнд олгоно.
11.3.Виз нь хэвлэмэл болон цахим хэлбэртэй байж болно. /Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.4.Виз нь дипломат, албан, энгийн гэсэн зэрэгтэй байна. /Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
11.5.Виз нь орох, дамжин өнгөрөх зориулалттай, Монгол Улсын хилээр нэвтрэх зорилгыг агуулсан ангилалтай, нэг, хоёр, олон удаагийн гэсэн төрөлтэй байна. /Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.6.Гадаадын иргэн виз авсан нь түүнийг Монгол Улсад нэвтрүүлэх баталгаа болохгүй.
11.7.Визийн загварыг гадаад харилцааны болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
11.8.Гадаадын иргэнд энэ хуулийн 5.1.12-т заасан визийн зөвшөөрөлгүйгээр “жуулчин” ангиллын, нэг удаагийн, 30 хүртэлх хоногийн хугацаатай, орох визийг олон улсын хилийн боомт дээр олгож болно. Олон улсын хилийн боомт дээр визийн зөвшөөрөлгүйгээр “жуулчин” ангиллын виз олгож болох улсын жагсаалт, виз олгох журмыг энэ хуулийн 9.2.1-д заасан журмаар зохицуулна. /Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./